УОК-ын Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Ц.Ганзоригийг өчигдөр оройноос эхлэн томилжээ. 

Ийнхүү Шуурхай штаб гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Улсын Онцгой комисс /УОК/ын  даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулж Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэн хурандааг томилоод байсан ч тэрбээр ердөө 26-хан хоног ажиллаад ийнхүү чөлөөлөгдөв.

Одоогоор түүнийг ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхой бус байгаа юм. Шадар сайд С.Амарсайханы эхнэр нэвтрүүлэгч Ичинхорлоо нь ХӨСҮТ-ээс дэглэм зөрчин гарсан гэх шүүмжлэл олон нийт дунд байгаа энэ цаг дор Шуурхай штабын дарга нь солигдон ийнхүү дахин шинэчлэл хийх болж байна.