Найзыгаа хоёр өдөр сахисан, маргааш нь найз нь .... дүүргийн ..... эмнэлэгт гэнэт бие нь муудаж очоод 30 минутын дараа нас барсан гэж ярих эмээтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр нэрээ болон тухайн эмнэлгийн нэрийг нууцлахыг биднээс хүсэв. Энэ ярилцлагад гарч буй нэр зохиомол нэр болно.

-Уучлаарай, та яагаад нэрээ нууцлахыг хүсэв, шалтгаан нь юу байв?

-Эмээ нь чамд итгэж байна. Чиний нүд худлаа хэлэх харц биш тул чамд итгээд, эмээ нь учирсан зовлонгоо хэлж нимгэлье. Гэхдээ одоо хүн их муухай болсон. Хүний зовлонг сонсож байгаад нулимс унагаасан хэр нь цаашаа инээж байгаад ярьдаг болж. Бидний үед тийм муу зан чанартай хүн байсангүй. Ядаж байхад энэ цагт ковид гээд нэг үл мэдэх ханиад хүмүүсийн дунд илрээд байна. Хүмүүс тэр ханиаднаас болж нэг нэгээ ад үзэж, шивэр авир ярьж хажиглах болжээ. Түүнээс нь айгаад нэрээ хэлчихвэл намайг бас эвэртэй туулай үзсэн мэт муулаад, дөлөөд байх вий гэж бодоод нэрээ нууцалж болох уу гэж байгаа юм. Эмнэлгийн нэрийг нь хэлэх гэхээр талийгаачийн ар гэрийнхэнд бас төвөг болох болов уу гэж айлаа.

-Таны нэрийг бид нууцалж мэдээлэх болно. Та итгээрэй. Бидэнд өөрийнхөө тухай товч ярьж болох уу?

-Би Сэлэнгэ аймагт 1955 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй хүн. Банк санхүүгийн байгууллагад энэ насаа зориулсан даа. Намайг Долгор гэдэг. Цагийн сайханд ажлаа хийсэн шиг хийж, цалингаа аваад наргиж явлаа эмээ нь. Одоо хөгширч дээ. /Инээв/

-Та эдийн засагч мэргэжилтэй гэлээ. Ухамсарт амьдралынхаа ихэнх хугацааг улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллажээ. Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг ийм байна гээд намайг яривал мундаг эдийн засагч, улстөрийн хүрээнийхэн шоолох байлгүй дээ. Одоо бид ковидын үеийн эдийн засгаа сайн тооцоолж, бодит үр дүнтэй тооцоо судалгаатай харж, энэ оны төсөвтөө өөрчлөлт оруулахгүй бол хүнд дээ. Дэлхий нийтээрээ эдийн засгаа хэрхэн сайжруулж, аж ахуй нэгжээ яаж хамгаалах талаар толгойгоо гашилгаж сууна. Манайх ч ер нь эдийн засгаа туугаад тавьчихлаа даа. /Толгой сэгсрэв/

-Та хэзээ энд ирж хэвтэв. Анх шинж тэмдэг яаж илэрсэн бэ?

-Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр шинжилгээ өгөөд маргааш нь шинжилгээний хариу эерэг гарсан. Тэгээд энд ирж хэвтсэн. Зовиур гээд байх зүйл алга. Одоохондоо янз бүрийн шинж илрээгүй байна.

-Толгой өвдөх ч юм уу, эсвэл хамар битүүрэх, халуурах зэрэг шинж илрээгүй гэж үү?

-Үгүй. Ямар ч шинж тэмдэг эмээд нь алга байна.

-Таныг шууд ХӨСҮТ-ийн баг очиж авсан уу?

-Үгүй.

-Тэгээд та өөрөө ирсэн хэрэг үү?

-За, бараг тийм дээ.

-Та тодруулж ярьж болох уу?

-Миний утсанд эерэг гарлаа гэсэн мессэж ирсэн юм. Тэгээд эмээ нь шууд өөрөө ХӨСҮТ-д очсон. Эмээ нь “Эерэг гарсан, би хэвтье гээд” очсон. Тэгсэн намайг тоодог хүн тэнд алга. Учир байдлаа нэлээн хэлсний эцэст намайг нааш нь авчирсан. 

Намайг “та хөнгөн шинж тэмдэггүй бол гэртээ тусгаарлагдаж болно” гэсэн. Би хүргэн, охин, ач нартайгаа бөөрөнхий гэрт тавуулаа тусгаарлагдах боломжгүй шүү дээ. Би “Заавал хэвтэнэ. Бас хоёр удаа цус харваж байсан, даралт өндөртэй, элэгний С вирустэй, зүрхний өвчтэй” гэж долоон булчирхайгаа тоочиж байж энд ирсэн. Тэрнээс авахгүй “Гэртээ тусгаарлагд” гэх юм билээ.-Та хаанаас вирус авсан гэж бодож байна вэ?

-2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд найз маань өөд болсон юм. Би найзтайгаа 30 гаруй жил нөхөрлөсөн. Тэгсэн өглөө эрт найз маань залгаад “Бие нэг л эвгүй байна” гэсэн. Тэгээд би шууд гэрээсээ гараад найзындаа ирсэн. Бие нь нэг тийм сул байсан. Ингээд би гэрт нь хоёр хоног сахисан юм. Тэгээд тэндээсээ шууд гэртээ харьсан. Хариад удаагүй байтал ач нь над руу залгаад эмээ өнгөрчихлөө гэсэн.

-Найз чинь бие тааруу эмнэлэгт байсан юм уу?

-Үгүй, эмнэлэгт байгаагүй. “Ачтан” эмнэлэгт урд нь хэвтээд гарч ирээд удаагүй байсан юм. Хоёр удаа хорт хавдраар өвдсөн. Сүүлийн зургаан жил бие нь сул байсан. Гэхдээ хэвтэрт байгаагүй.

 -Ачтан эмнэлэгт хэвтээд гарсан гэсэн. Тэнд хэвтэхэд нь ковидын шинжилгээ аваагүй юм уу?

-Хэвтэхээр очиход нь шинжилгээ авсан байсан. Гарахад нь харин шинжилгээ аваагүй гаргасан юм билээ. Гарч ирээд хоёр хоноод бие нь өвдсөн. Бие нэг л эвгүй байна гээд над руу ярьсан байгаа юм. Тэгээд би очиж хоёр хоног найзыгаа сахисан даа. Тэр миний найзтайгаа уулзсан сүүлийн мөч байсан юм. /Уйлав/

-Та ингэж хямарч болохгүй шүү. Сайн унтаж амрахгүй бол таны дархлаа муудна. Ингэж уйлаад хямраад байвал та бүр ядарна?

-Харин тийм ээ бодоод л байна. Хэцүү юм. Бодогдоод байх юм найз минь. Амьдралынхаа сүүлийн мөчид найзтайгаа хамт байсанд нь түүндээ баярлаж байгаа ч сэтгэл үймэрч, бас бурхны оронд дэвшээд явсанд нь, намайг орхисонд нь гомдоод байх юм. Дэндүү сайн найз, дэндүү сайхан нөхөрлөл байсан даа.

-Найз чинь хаана бурхан болсон юм?

-Найз маань .... дүүргийн нэгдсэн эмнэлэг ....төвд өөд болсон. Бие нь сонин байна гээд тэнд очиж үзүүлээд 30 минут болохгүй бурхан болсон. Ковидын шинжилгээ очиход нь авахад хариу нь эерэг гарсан.

-Уучлаарай, шарилыг нь яасан юм бол, хаана аваачдаг юм бол?

-Битүү вакуум орчинд байрлуулаад, халдварт руу авч явсан гэсэн. Тэнд нь бүх зан үйлийг ёс журмын дагуу үйлдэнэ гэнэ . Ар гэрээс нь ямар ч хүн оруулахгүй гэж хэлсэн. 

Чандарлах юм шиг байсан. Ар гэрийнхэнд нь чандрыг нь өгнө гэсэн. Чандарлах үед нь ар гэрээс нь машинтай 10 хүн л явж болно. Гэхдээ машиныхаа цонхыг огт онгойлгохгүй явах үүрэг чиглэл өгсөн гэсэн. Ирэх гурав дахь өдөр гаргана гэсэн.-Гэр бүлийн хүн нь одоо хаана байна вэ?

-Гэр бүлийн хүн нь бас ковид туссан. Одоо эмнэлэгт тусгаарлагдаж байгаа. Их хэцүү байна гэж дуулдсан. Ханьтайгаа уулзаж, хүн ёсны салах ёс ч хийж чадахгүй эмнэлэгт ковидоор тусгаарлагдаад байж байгаа. Ач нь бас туссан.

-Таныг хүүхдүүд чинь юу гэх юм?

-Би таван хүүхэдтэй. Зарим нь “Яах вэ, ээж хүн бүр л тусаж байгаа. 

Та тайван бай, зүгээр гэх юм. Нөгөө хэсэг нь таныг хэн гэрээс гарч тийш яв гэсэн юм” гээд дурамжхан байна. Гэхдээ төрсөн үрс минь болохоор ээжийгээ л бодож хэлж байгаа байх даа. Тэдний буруу гэж юу байх вэ. Энэ муухай цагийн л өнгө байх.-Одоо танд ямар эмчилгээ хийж байна вэ?

-Эмээ нь “Ийм ийм өвчтэй, хэдэн дусал тариа хийгээд өгөөч” гэхэд “Тийм заалт байхгүй, болохгүй” гэж эмч маань учирласан. Эм, тариа хамаагүй хийдэггүй юм шиг байна. Одоо надад витамин С, Д 4000 тунгаар өдөрт нэг удаа өгч байгаа. Бас хоёр удаа тан өгдөг. Норов-7, Мана-4 гэсэн хоер тан өгч байна.

-Хоол унд хэр байна даа?

-Хоол унд сайтай юм. Хөгшин надад хангалттай. Харин залуус, хүүхдүүдэд хоолны порц бага байж магадгүй.

-Эмч нарын зан байдал харьцаа ямар санагдсан бэ?

-Эмч, сувилагч нар их сайн, сайхан ааштай шүү. 

Маш эелдэг. Олон дахин орж ирж биеийн байдал асууж, хянах юм. Бас даралт үзэж, асуумж олон авч байгаа нь таалагдаж байна. Би ядрахаас илүү эмч нар л ядрах шинжтэй.-Орчин нөхцөл ямар байна. Өрөөндөө та хэдүүлээ вэ?

 -Нэг жижиг өрөөнд дөрвүүлээ байна. Цонхоо сайн онгойлгож агаар оруулахгүй бол ер нь хэцүү шүү. Бөгс эргэх зайгүй шахам гэх үү дээ. Юун халдвар хамгааллын дэглэм барих вэ. Би энд анх орж ирээд их гайхсан. Яагаад ийм жижигхэн өрөөнд олуулаа байдаг юм бол гэж. Гэтэл манайхаас олон ортой өрөө байгаа гэсэн. Бас нийтийн ариун цэврийн өрөөтэй юм. Манай өрөө харин дотроо ариун цэврийн өрөөтэй минь завшаантай хэрэг.

 -Ариун цэврийг хэр сахиж байна?

-Тэр тааруу шүү. Өдөрт нэг удаа орж ирж ариун цэврийн өрөө ариутгах юм. Бидний байрлаж байгаа өрөөг бол ариутгахгүй байгаа. Бас хогийн сав маань дүүрэн. Ядаж хажуу талын хүний нус байнга гоожоод, маш их ариун цэврийн цаасанд боож аминдаа хогийн саванд хийх юм. Одоо тэр сав дүүрэн. Асгаад өгөөч гэж гуйсан. Та өөрөө үүдэнд боогоод тавиарай гэх шиг болсон шүү.

-Хүмүүс хэр хэвтэж байна вэ?

-Өө зөндөө байна. 

Хүүхдүүд их хэвтэж байгаа харагдах юм. Хоолны цагаар бүгд үүдэндээ гараад ирчихнэ. Гэхдээ ХӨСҮТ-д хэвтээгүй нь их юм. Тэнд чинь бүр хэцүү байгаа байлгүй дээ. Энд ийм байгаа юм чинь гэж бодох юм.-Хэд хоног хэвтдэг юм бол?

-Хөнгөн бол 7-10 хоног хэвтээд гарч байх шиг байна. Хүнд бол мэдэхгүй.

-Танд хүмүүст хэлж захих зүйл байна уу?

-Энэ өвчин бушуу алга болж хүн зоны нуруу хурдан тэнийж, амар амгалан цаг ирэх болтугай гэж л хүсэх байна. Сайхан цаг удахгүй ирэх байх аа. Хүн бүр дор бүрнээ ханиадаар Монгол хүн үхэхгүй зүгээр гэж хандалгүй хувийн ариун цэврийг сайтар сахиж, хичээх ёстой болоод байна. Онц шаардлагагүй бол олон нийтийн газраар бүү яваарай гэж захимаар байна. Монгол төрийг, монгол хүн бүрийг бурхан тэнгэр ивээг.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН