Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубайн гэрээ”-ний анхаарал татсан мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байсан УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай ярилцлаа.

 

-Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Монголчуудын хүлээлтийн талаар танд ямар дүгнэлт байна?

 

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтарсан Ажлын хэсгийн удирдамж нь УИХ-ын 2019 оны 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх юм билээ. Энэ тогтоол өөрөө маш том алдаатай. Нэгдүгээрт, тогтоолын 1.2 дахь  хэсэгт “...Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг...сайжруулах” гэж зааснаараа “Дубайн гэрээ”-г хүлээн зөвшөөрсөн. “Дубайн гэрээ”-гээр Оюутолгой  төсөлд нэмж 6.8 тэрбум ам.долларыг өмнөх гэрээний нөхцлөөр өндөр хүүтэй зээлэхээр тусгаснаараа маш их хортой. Энэ гэрээ бүхэлдээ хүчингүй болох ёстой юм. Мөн уг тогтоолын 1.4-т ТЭЗҮ-г дахин боловсруулах гэж заасан нь нөгөө талд өмнөх бүх луйвраа халхавчлах сайхан бололцоо гаргаж өгч байгаа гэсэн үг. Их хурал маш буруу тогтоол гаргасан. Энэ тогтоолоо хүчингүй болгож, хэлэлцээрийг огт өөр удирдамжаар явуулах ёстой. Хэлэлцээр хараахан эхлээгүй байна, ийм боломж байгаа. Анхнаасаа буруу замаар эхэлбэл буруу тийшээ л явна. Хэрэв буруу тогтоолоор гараагаа эхлээд явбал хэлэлцээр нөгөө талд ашигтай, нөгөө талын эрх ашгийг хангасан үйлдлээс өөр юу ч болохгүй. Монголын талын одоо байгаа нөхцөл байдал улам дордоно л гэсэн үг. Энэ хэвээр явбал надад үнэхээр харамсалтай үр дүн л харагдаад байна.

 

-Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах өнөөгийн боломж,  ирээдүйн үр ашгийг та хэрхэн дүгнэж байна?

 

-Боломж ямагт байдаг, одоо ч байгаа. Хэлэлцээр хийгч хоёр талын хооронд байгаа гуравхан баримт бичиг бол Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ, бас ТЭЗҮ. Энэ гурваа урдаа дэлгэж тавьцгааж байгаад л яриа хэлэлцээр эхлэх ёстой. Ингэж чадвал бидэнд эрх ашгаа хангах боломжууд олон гарч ирнэ. Дундаас нь, сүүлээс нь, “Дубайн гэрээ”-нээс эхлэх гээд байвал  буруудана. Ажлын хэсэг тийм чигтэй болоод явчихна лээ.

 

-Та яагаад тэгж дүгнэх болов?

 

-Үнэнийг хэлэхэд манай талын эрх ашгийг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүхэлдээ Монголын талын эрх ашигт үйлчлэхгүй юм шиг сэтгэгдэл төрөөд байгааг нуух юун. ЗГХЭГ-ын дарга нь нөгөө талын эрх ашигт үйлчилж Монголын хуулийг засаж байсан Ц.Нямдорж /хэрэв одоо засарчихаагүй бол шүү дээ!/, Х.Нямбаатар сайд, 2009 оны гэрээг байгуулахад оролцож байсан Г.Тэмүүлэн, Т.Доржханд, Б.Солонго нар итгэл төрүүлэхгүй байна. Энэ бодол миний алдаа байгаасай даа...

Харин Ц.Даваасүрэн гишүүн ажлын хэсгийн удирдамжийн хүрээ хязгаарт баригдалгүй, “Дубайн гэрээ”-г цуцлах, ерөөс гэрээг бүхэлд нь авч үзэх тухай ярьж, асуудлыг нэлээд углуургатай зөв тавьж байна уу гэж харсан. Ийм хүмүүсээр ажлын хэсгийг ахлуулж, ийм нэгдмэл байр суурьтай хүмүүсээр баг бүрдүүлж байж Монголын эрх ашиг хангагдана. Одоогийн бүрэлдэхүүнийг харахад ажлын хэсэг байр суурь нэгдэхгүй юм шиг санагдсан.

 

-“Дубайн гэрээ”-нээс үүдэж 22 тэрбумын өрөнд орно гэсэн урьдчилсан тооцоог судлаачид гаргасан. “Дубайн гэрээ”-г зогсоох, эсвэл сайжруулах ямар гарц байгаа бол?

 

-2019 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дубайн гэрээ”-г байгуулахтай холбоотой гаргасан Засгийн газрын  бүх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Дубайн гэрээ”  хуульзүйн хувьд хүчинтэй гэж үзэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн энэ шийдвэр 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд гарчихаад байхад гурав  хоногийн дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ “Дубайн гэрээ”-г сайжруулах тухай 92 дугаар  тогтоолдоо зааж байгаа нь өөрөө хууль бус юм л даа. Тэгэхээр хэлэлцээрийн үндэс 92 дугаар  тогтоол байж яавч таарахгүй. Шүүхийн хүчин төгөлдөр бэлэн шийдвэр байна. Яагаад шүүхийн энэ шийдвэрийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Энэ шийдвэрийг үндэслээд УИХ тогтоолоо хүчингүй болгох ёстой. “Дубайн гэрээ”  Монгол Улсын  шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон шүү дээ.

 

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин