Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаныхан өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Хөл хориог дахин сунгах болсон шалтгаан:

  1. Хөл хориотой үед халдварын тархалтын эрчим буурах ёстой. Сүүлийн сар гаруйн хугацаанд халдвар авсан хүмүүс хүндэрсэн байдалд шилжиж, нас баралт ихэссэн. Тухайлбал, сүүлийн үед хүндэрч байгаа хүмүүсийн нас залуужиж, богино хугацаанд эрчимт эмчилгээний тасагт шилжиж байна.
  2. Хөл хорио тогтоосон үед вакцинжуулалтыг хийснээр үр дүнгээ өгөх учир яамнаас 14 хоног хөл хорих саналыг оруулсан хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.

Мөн тэрбээр “Вакцин хийхээс өмнө тухайн иргэнээс асуумж авч, эмчийн үзлэг хийж байгаа. Үүний үндсэн дээр вакцинжуулалт явж байгаа. Эрдэмтдийн баг болон ХӨСҮТ-д судалгааны баг гарч, судалгаа тандалтыг хийгээд явж байна. Өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсан гэж судлаачид үзэж байгаа. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлууд мянгаас дээш гарч байгаа шалтгаан нь ойрын хавьтлууд дундаас илэрч байгаа юм.

Хөл хорио бол маш их үр дүнтэй. Ингэснээр албан байгууллага, олон нийтийн газар гарах тархалтыг тодорхой хэмжээнд хумьдаг. Хөл хорио тавиагүй байсан бол халдварын тохиолдлын тоо өдөрт 3,000 давах байсан. Үүнийг дагаад нас баралт ихэснэ.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нас барсан тохиолдлуудын дийлэнх хувь нь суурь болон хавсарсан өвчтэй хүмүүс байсан" гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Хөл хорио тогтоохоос өмнөх хоногуудад тохиолдлын тоо тав хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байсан. Хөл хорио тогтоосноор өдөрт 3,000-4,000 болох байснаас сэргийлсэн гэв.