Н.Лувсанравдан даргын дараа Улс төрийн товчооны гишүүн, Намны Хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан. Намын бүгд хуралд Б.Сумьяа даргын тавьсан “Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн үйл ажиллагаанд өгөх улс төрийн дүгнэлт” илтгэлд түүнийг “Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын ажлын зарим гажсан арга хэлбэрийг намын ажлын практикт хуулан хэрэглэсэн“ гэж шүүмжилсэн байдаг.

Би тэр хүнтэй ганц удаа уулзсан. Бидний хэдэн нөхөд 1986 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцахаар Москва явахын өмнөхөн бүгдийг маань Б.Дэжид дарга төрийн ордны албан өрөөндөө хүлээн авч үүрэг даалгавар өгсөн. ”За нөхөд минь энэ нэр хүндтэй сургуульд явъя гэсэн шилдэг боловсон хүчин манай намд мянга мянгаараа байдаг юм. Энэ удаа та нар сонгогдлоо. Сагсуурч, биеэ тоож болохгүй. Дээд зэргийн сахилга, дэг журамтай байх хэрэгтэй. Та нарыг бид араас чинь байнга хянана. Зөвхөн сурах л үүрэгтэй явж байгаа шүү, Та нар. Их Ленин юу гэж хэллээ, “Сур, сур бас дахин сур” гээ биз дээ. Агуу Зөвлөлт орны коммунист бүтээн байгуулалтын баялаг туршлагатай нарийн танилцаж марксист-ленинист онолыг нэвт шувт судлах ёстой. Их Лениний хэлийг төрөлх хэл шигээ эзэмших хэрэгтэй. Та нараас бид их зүйл хүлээж байгаа шүү” гэхчлэн үүрэг даалгавар өгснийг тод санаж байна. Аргагүй л хэлэх ёстой зүйлийг хэлж, эцэг хүн шиг дотно зөвлөгөө өглөө гэсэн өндөр сэтгэгдэлтэйгээр бид тэр өрөөнөөс гарсан. “Та нарыг төгсөөд ирэхээр би дахин уулзана” гэж Б.Дэжид дарга элэгсэгээр нэг бүрчлэн гар барьж үдэж өгсөн. Дахин уулзах боломж гараагүй. 

 

Үргэлжлэл бий...

 

Ө.Энхтүвшин