Одоогоос 15 жилийн тэртээ, 2006 оны зургадугаар сарын 15-ны өглөө 9:00 цагийн орчимд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэл ажлынх нь үүдэнд хүлээж байгаад олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн.

Энэ ноцтой хэргийн шалтгаан нь Д.Бадраа Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлыг хүлээн авмагц, тэр үед хуулийн цоорхойгоор олширч, иргэдийг ихээр хохироож байсан Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд шалгалт явуулж эхэлсэн. Түүний зохион байгуулсан шалгалтаар тун олон зөрчил ил болсон байдаг. Тэдгээрийн нэг болох “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал уг хэргийг үйлдсэн юм.

Тэгвэл үүнтэй төстэй хэрэг 2021 оны тавдугаар сарын 21-ний баасан гаригт гарлаа. “...Төгсөх ангийн сурагчдад хятад вакцин хүчээр хийсэн” гэх шалтгаанаар БШУЯ-ны үүдэнд сайд Л.Энх-Амгалангийнх нь биед халдсан хэрэг гарав. Уг хэргийг Д.Совд гэгч 37 настай залуу үйлджээ. Тэрээр 20 орчим см урттай хутга барьж дайрсан байна. Цагдаагийнхан Д.Совдыг Цагдан хорих 461 дүгээр саатуулжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

 

Л.Энх-Амгалан энэ үйл явдлын талаар хэрэг гардаг өдөр болон маргааш нь цахим хуудсаараа ноцтой мэдэгдлүүдийг хийсэн. Тэрээр “...Эзэн”-ийхээ захиалгаар сонгуульд нэр дэвшиж “Түгжилдэж” явсан нөхөр гэгээн цагаан өдрөөр төрийн яамны үүдэнд хүйтэн мэс барьж, амь насанд минь халдах гэж оролдлоо. Насанд хүрээгүй ЭЕШ -ийн шалгалтанд орох хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлсэн. Монгол Улсын Засгийн газар БШУЯ-наас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж 2020 онд УИХ-ын сонгуульд зориудаар захиалгаар нэг тойрогт нэр дэвшиж, улс төрийн зорилго, захиалгаар намайг удаа дараа гүтгэгч балмад нөхөр миний амь насанд халдах оролдлого хийлээ” гэв. Мөн “...Элсэлтийн ерөнхий шалгалт тойрсон багц асуудлаар 10 хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Тэр үед миний бие дараах байр суурийг илэрхийлж байв. ...Энэ хурлыг сурвалжилсан бүх хэвлэл мэдээллийн байгууллагынханд вакцинтай холбоотой яамны байр суурь бичигдэж үлдсэн болно. Өчигдөр миний биед халдсан явдал нь ташаа мэдээллээр халхавч хийсэн нэр бүхий хүний гар хөл болдог, миний нэр төрд байнга халддаг этгээдийн өс хонзон, зорилготой турхиралт бүхий балмад үйлдэл байсан болно” гэлээ.

Д.Совдын тухайд сайд Л.Энх-Амгалантай нэг нутгийн, Хөвсгөлийн хүн юм байна. Сайд Л.Энх-Амгалангийн хардаж буй “...Эзэн”, бас Д.Совдыг “...Гар хөлөө болгодог” хүн хэн бэ? Энэ нэг хэрэг.

Харин нөгөө талд ингэж халдлага үйлдэх шалтаг шалтгаан мэдээж байна. Тэр нь бидний сонгож  замнаад даруй 30 жил болж буй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой гэж байх юм. Гэхдээ ардчилал хутгатай байж болохгүй. Хэн нэг нь үзэл бодол, байр суурь, магадгүй өөрийн эрх ашгийн төлөө хутга бариад төр рүү зүглэх ёсгүй.

Энэ удаад сайд Л.Энх-Амгалангийн биед халдав. Аминд нь хүрээгүй. Гэлээ гээд цахим сүлжээгээр дээрх халдлагыг өөгшүүлсэн, халдлагад өртсөн сайдыг даапаалсан сэтгэгдлүүд олноороо хөвөрч буй нь харагдаж байна. Хэрвээ Д.Совдын барьж очсон хутга Л.Энх-Амгалан сайдын аминд хүрсэн бол яах вэ.

Ер нь Монголын төрд ажиллаж буй хүний амь нас, эрүүл мэндэд баталгаа байна уу. Дээр жишээлэн сануулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амийг хөнөөсний дараа энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ.

2018 оны наймдугаар сарын 9-ний орой ЗТХЯ-ны байранд тус яамны удирдах албан тушаалтнууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ муудалцаж Б.Махбал гэгч нь Газрын дарга залууг зодож амь насаа алдсан. Сүүлд 2019 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар нас барсан хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Тэр маш ноцтой хэрэг. Төрийн зүтгэлтэн Төрийн ордонд амиа алдсан юм. Хоёр жил шалгаж байна. Ужиграад дарагдах янзтай шүү.

Одоо тэгэхээр сайд Л.Энх-Амгалан руу дайрсан этгээд Эрүүгийн хуулийн дагуу Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан хэргээр шийтгүүлнэ. Тэгээд л энэ асуудал дараагийн “учрал” хүртэл хаагдах уу.  

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин