Гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийн дуулж амьдруулсан олон сайхан дуу ард түмний зүрх сэтгэлд хоногшин эгшиглэж байдаг билээ. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр тэрээр жинхэнэ хит дууны эзэн болж, алдаршиж байсан юм. Харин сар гаруйн өмнө гавьяат цолоор энгэрээ мялаагаад буй түүнд талархлын тоглолтоо хийх саналыг СТА Д.Балдан тэргүүтэй хэсэг уран бүтээлч залуус тавьжээ.

Арван найман жилийн өмнө хамтарсан тоглолтоо хийснээс хойш ард түмэндээ тайлангаа тавиагүй яваа Н.Төмөрхуяг гавьяат ч уг саналыг хүлээн авч, дуучин Д.Балдантай хамтарсан “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоо энэ сарын 19-нд толилуулахаар болоод байгаа юм.  Түүнчлэн Н.Төмөрхуягийн дуунд дуртай олон залуус нэгдэн “Хайртай дуучныхаа тоглолтыг үзэж байртай болгоё!” хэмээх уриалгыг дэвшүүлээд ажиллаж байгаа гэнэ. Үнэхээр чанартай, сайн уран бүтээл туурвихад таатай орчин нэн чухал. Тиймээс эрхэм гавьяатыгаа сэтгэлийн утас хөндсөн сайхан дуунуудаа дуулж амьдруулахаас гадна уянгалаг яруу аялгуу олныг туурвиасай хэмээсэн сэтгэлийн үүднээс фэнүүд нь ийнхүү тоглолт дээр нь байрны түлхүүр гардуулахаар зорьж дуунд дуртай түмэн олноо уриалж байгаа аж. 

Ийнхүү тоглолтын зохион байгуулагч залуусын уриалгыг дэмжиж буй та бүхэн минь эрхэм гавъяатынхаа албан ёсны фесбүүк хаягаар зочилж дэмжсэн сэтгэгдлээ илэрхийлээрэй.  www.facebook.com/NamdagiinTumurkhuyag