Сүүлийн гучаад жилийн хугацаанд эцэг, эхчүүдээс хүүхдэдээ тавьж байгаа хайр халамж, багш нараас сурагчдадаа хандуулж байгаа анхаарал нэг л тийш нь адилхан хазайдаг болсон хандлага илт харагдах боллоо.

Энэ нь юу вэ гэвэл эцэг, эхчүүдэд хүүхэд нь, багш нарт сурагчид нь онц сурч байвал хамаг хэрэг бүтэж байгаа мэт сэтгэхүй давамгайлах болсноос хүмүүжлийн талын гол ажил үндсэндээ орхигдоод байна гэвэл хэтрүүлэг болохгүй л болов уу.

Тиймээс хүүхэд багачуудын сурлага, хүмүүжлийн ажилд жигд анхаарал тавьж, яаралтай хэрэгжүүлэх хоёр асуудал байна. Тухайлбал, нэгдүгээрт, мэдлэг боловсролтой хүнээс урьтаж эх орноо гэсэн зөв сэтгэлтэй хүнийг төлөвшүүлэх, хоёрдугаарт, хүн хүнээ хүндэтгэн хайрлах, энэрэн туслах сэтгэлтэй хүмүүсийг олшруулах явдал өнөөгийн энэ ардчилсан нийгэм, зах зээлийн чанд хатуу орчин, даяаршлын ээдрээт нөхцөлд илүү хурцаар тавигдаж байна. Яагаад ийм болов гэдгийн учир шалтгааныг нэг талаас, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлаас эхлэн хайх хэрэгтэй. Нөгөө талаас төр, засаг уг асуудалд олигтой анхаарч, дорвитой арга хэмжээ аваагүй өдий хүрсэн явдал нөлөөлсөн нь ойлгомжтой. Тиймээс юуны өмнө ерөнхий боловсролын бүх шатны сургуулийн сурагчдын оюун ухаанд эх оронч хүмүүжил, хүн хүнээ энэрэн хайрлах сэтгэлгээ суулгаж өгөх хэрэгтэй болсон байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт: “Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ” гэж тусгасан байна. Энэхүү цогцоор нь төлөвлөж боловсруулах, хэрэгжүүлж хөгжүүлэх бодлогоос зөвхөн хүүхэд багачуудыг эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай болгон хөгжүүлэх асуудалтай холбогдуулж зарим зүйлийг хөндөж ярихыг зорьсон юм.

 

Ардчилал, зах зээл гээд их дуулиан шуугиантай байсан ороо бусгаа энэхүү гучаад жилийн хугацаанд эх оронч хүмүүжил, эх орноо хайрлах сэтгэл хүмүүсийн анхаарлын төвөөс бага багаар холдсоор нэг л мэдэхэд хий хоосон эх оронч дүр эсгэж, сүржигнэх хандлага руу хэлбийх хэмжээнд дөхөж ирсэн байна. Зарим тохиолдолд бүр хэтэрч байгаа байдал харагдана. Хүмүүсийн энэ хийрхэл хүүхэд багачүудын хүмүүжилд муугаар нөлөөлж эхлээд байгаа явдалд одооноос анхаарал тавьж, яаралтай засаж залруулах нь ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хийж байгаа буянтай үйлс болно. Тиймээс хүүхэд багачуудад эх оронч хүмүүжил олгох, эх сайхан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл бий болгох нь нэгд, өвөө эмээ, эцэг эхийн ариүн үүрэг, хоёрт, багш, сурган хүмүүжүүлэгчийн үндсэн үүрэг гарцаагүй мөн. Биднийг бага байхад өвөө эмээ, аав ээж маань булгийн усыг булингартуулж болохгүй, усанд явахдаа хувин, шанагаа сайн угааж, арчиж цэвэрлэж яв. Усанд цагаан идээ, сүү орох вий, лус савдаг хилэгнэнэ. Цэцэг ногоо бүү тасал, газар ухаж сэндийлж болохгүй, хорхой шавж бүү ал, нүгэл хилэнц болно гэдэг байсан нь сүсэг бишрэлийн үүднээс биш, харин байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгах, унаган төрхийг нь хэвээр хадгалахад чиглэсэн хүмүүжлийн ач холбогдолтой хориг, анхааруулга байжээ. Тэр ёсоор хүүхдүүд бид усны эхэнд тоглож булингартуулдаггүй, газар ухаж төнхдөггүй, усанд сүү, цагаан идээ оруулдаггүй, ямар ч шаардлагагүй бол цэцэг ногоо зулгааж таслахгүйгээр төрж өссөн нутгийнхаа унаган байгалийг байгаагаар нь хайрлан хамгаалах сэтгэлээр хүмүүжсэн. Багын энэ л сайхан хүмүүжлийнхээ дагуу үр хүүхэд, ач зээ нартаа мөн л хэлж сургасаар, шаардаж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд иргэдийн ихэнх нь төв суурин газар руу тэмүүлж хотжих явц нөлөөлсөн үү, эсвэл хөдөө гадаа явж унаган байгальтайгаа харьцах нь цөөрсөн үү, үр хүүхэд, ач зээ нартаа иймэрхүү үг хэлж, зааж зөвлөж байгаа эцэг, эх нэлээд ховордсон байдал илт мэдрэгддэг.

 

Иймээс эх оронч хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй байна гэдэг бол хэр баргийн хүний дааж давахын аргагүй том хариуцлага мэт боловч эх орныхоо, төрж өссөн нутгийнхаа уул хангай, нуур цөөрөм, гол мөрөн, булаг шанд, газар шороо, ой мод, өвс ургамал, ан амьтад, мал сүрэг, байгалийн баялгийг өсгөн арвижуулах, зүй зохистой ашиглах, хайрлан хамгаалах, унаган төрхөөр нь байлгахын төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллах, өрөөл бусдад ийм байхыг хэлж зөвлөхийн зэрэгцээ илэрсэн зөрчил, дутагдлыг засаж арилгуулах, буруутанд таарч тохирох зэм ногдуулах талаар хууль, хяналт, мэргэжлийн эрх бүхий байгууллагад шуурхай мэдэгдэж зохих арга хэмжээ авахуулах зэргээр Монгол Улсын иргэн бүрийн заавал биелүүлэх ёстой тэр л ариун үүргээ нэр төртэй хэрэгжүүлж байгаа үнэнч, шударга үйлсийг хэлж байгаа юм. Тэгэхээр бага балчраасаа өвөө эмээ, аав ээжийн захиас сургаалаар төрж өссөн нутгийнхаа унаган байгалийг бишрэн шүтэж, хайрлан хамгаалж ирсэн тэр суурь ухамсар нь эх оронч хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд шууд нөлөөлнө. Ийм хүмүүс л “Би эх орондоо хайртай”, “Эх орныхоо газар шороо, хил хязгаарын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулахад бэлэн” гэж чин сэтгэлээсээ, өр зүрхнээсээ хэлж чадна. Түүнээс биш эх орондоо хайртай, эх орноо гэсэн сэтгэлтэй хүний дүр эсгэсэн хүмүүс хэзээ ч ингэж хэлэх зориг байхгүй бөгөөд тэд хүмүүст таалагдахын тулд “Би их эзэн Чингис хааны удам судрын хүн”, “Би тэнгэр язгуурт монгол хүн” гэж байдаг чадлаараа хашгирч, олны нүдэн дээр цээжээ доргитол балбахаас өөр юм хийж чадахгүй.

 

Энэ мэт хоосон дүр эсгэсэн хүмүүс хэчнээн сүр бадруулаад, хэчнээн хүний өмнө орилж хашгираад эх оронч хүмүүжилтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй болохгүй нь ойлгомжтой. Ер нь өвөө эмээ, аав ээжийнхээ сургаалыг ягштал биелүүлдэг хүүхдүүд эх оронч хүмүүжилтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй хүн болж төлөвших үндсэн сууриа ийнхүү бага балчраасаа бяцхан оюун ухаандаа бат бэх тавьж авдаг. Тийм учраас тэдний эх орноо хүндэлж хайрлах нь Монгол Улсын Ардын уран зохиолч П.Бадарчийн “Эх орноо хайрлах гэдэг хэлний үзүүрээс гарах үг биш. Харин зүрхний угт орших хайр юм” гэж хэлсэнтэй дүйж байгааг дурдах нь зөв болов уу.

 

Өнөө цагт хүүхдийн сургалт, хүмүүжлийн ажилд доголдож байгаа бас нэгэн асүудал бол хүн хүнээ энэрэн хайрлах, ахмад хүмүүсээ хүндлэн халамжлах зөв хандлагатай болж төлөвшихийг хэвшүүлэх явдал юм. Хүүхдийг бага балчраас нь ийм хүмүүжилтэй болгох үндсэн суурь нь мөн л өвөө эмээ, аав ээж, ах эгч, дүү нарын дэргэд гэрийн нөхцөлд тавигддаг. Биднийг бага байхад өвөө эмээ, аав ээж маань настай хүмүүсийг хүндлэн мэндэлж байх, үг сургаалыг нь даган биелүүлж, ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, бие биеэ хайрлан хамгаалж байхыг цаг ямагт захиж, зааж зөвлөж байсны ачаар бид тэр л ёсоор өсөж хүмүүжсэн билээ. Нэгэнт тийм орчинд ахмадын алт шиг сургаалаар хүн болсон болохоор үр хүүхэд, ач зээ нараа ч өөрийн жишгээр өсгөн бойжүулах, хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө тэмцсээр, хэрэгжүүлсээр ирсэн.

 

Өнгөрсөн зуунд амьдарч өнөөдрийг хүрсэн бүх л хүмүүс ийм байдлаар хүмүүжин томоожиж, суралцан боловсорч, хамт олны дунд ажиллаж, амьдрал ахуйгаа авч явсаар ардчилал, зах зээлийн энэ нийгэмтэй золгосон юм. Гэтэл бид ийнхүү шинэ нийгэм, орчинд хөл тавиад гучаад жилийн хугацаа өнгөрч байгаа боловч өмнөх үеийнхээ зарим хэрэгтэй, сайн бүхнээ бага багаар алдсаар байгааг хэлэх хэрэгтэй. Одоо бидний амьдарч байгаа энэ ардчилал, зах зээлийн нийгэмд хүн хүнээ хүндлэн хайрлах, энэрэнгүй сэтгэлээр хандах хүмүүс сүрхий ховордсон нь ажиглагддаг. Ийм гажууд үзэгдэл нас тогтсон хүмүүсийн дотор хүүхэд багачууд, залуучуудын дунд ч харагдаж байна.

 

Сүүлийн цөөхөн жилийн хугацаанд хүмүүсийн ааш араншин, ажил төрөлд чамгүй их өөрчлөлт гарсныг бид мэднэ. Зарим хэсэг нь ардчилал гэдэг бол дураараа дургих эрх чөлөө гэж буруу ташаа ойлгосноос болоод хууль тогтоомж гэдэг том хорио цээр байдгийг мартсан бололтой юм. Тэд боломж олдоод, эв нь таарвал хүний хөрөнгийг элдэв аргаар залилан мэхэлж өөрийн болгох, дургүй хүргэсэн хэн нэгнээ тааралдсан “шар” сонинд гүтгэн доромжилж нэр төрийг нь гутаах, бага насны охид, бүсгүйчүүдийг хүчирхийлэн хүслээ хангах зэргээр монгол хүний санаанд орж, сэтгэлд багтамгүй үйлдэл хийх нь жирийн үзэгдлийн хэмжээнд хүрэх шахаад байна. Уул нь ардчилсан нийгэм гэдэг бол аливаа үйл хэрэг, ажил төрөл зөвхөн дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж, таны эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг, хүн бүр хүуль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг, хууль тогтоомж зөрчсөн хэн боловч таарч тохирсон хариуцлага хүлээдэг гээд маш эмх цэгцтэй, нарийн дэг журамтай байх ёстой шударга нийгэм юм шүү дээ. Ийм эрх чөлөөтэй, хуулийн хяналттай нийгэмд амьдарч, ажиллаж, сурч байгаа хүмүүс бие биеэ хүндэтгэсэн, хайр энэрлийн гараа сунгасан хүмүүнлэг сайхан сэтгэлтэй байх ёстой билээ. Гэтэл тэр зарчим алдагдаад, дахин эвэндээ орж чадахгүй багагүй хугацаа өнгөрснийг одоо засаж залруулах цаг болсон байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт “Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх, малчин өрхийн хүүхдийн боловсролд онцгой анхаарна” гэж тусгасан байна. Энэхүү цогцоор нь төлөвлөж боловсруулах, хэрэгжүүлж хөгжүүлэх бодлогоос зөвхөн боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгахтай холбогдсон зарим асуудлыг хөндөж бичлээ.

 

Өвөө эмээ, аав ээж нараас өөрсдийн үр хүүхэд, ач зээ нарынхаа оюун ухаанд суулгаж өгсөн эх орноо, төрж өссөн нутгаа хүндэлж хайрлах сэтгэлийг нь улам хөгжүүлэн төлөвшүүлэх дараагийн ажил багш, сурган хүмүүжүүлэгч нарт ногддог. Тэд энэ хүндтэй ажлаа нэгд, сургалтын хөтөлбөрийн дагуу зааж байгаа хичээлээрээ, хоёрт, тэрхүү хичээлээр олгосон мэдлэгийг нь бодит амьдралтай танилцуулан батжуулах замаар хэрэгжүүлж ирсэн. Хэдийгээр социализмын үед “Эзэн Чингис хаан”, “Их Монгол гүрэн” гэж ярих, бичих нь хориотой шахам байсан ч хүүхэд багачуудыг эх оронч хүмүүжилтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй болгох бүхий л нөхцөл, бололцоо бүрэн байж, энэ талаар их анхаарал тавьдаг байлаа. Бидний бахархан ярьдгаар “алтан үе”-ийн мундаг зохиолчдын туурвисан эх орныхоо тухай, унаган байгалийнхаа үзэсгэлэнт сайхны тухай, Ардын хувьсгал, Халхын голын болон чөлөөлөх дайны баатарлаг хүмүүсийн тухай, эгэл жирийн малчин, ажилчдын нөр их ажил үйлсийн тухай шүлэг, дуу, найраглал, тууж зэрэг төрөл бүрийн зохиолуудаас сонгон авч, сурагчдын нас насны онцлогт нийцүүлэн сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичигт нь оруулж хэвлэдэг байсан. Сурах бичигт байгаа энэ шилмэл зохиолуудыг багш нар хүүхэд багачуудаар уншуулах, цээжлүүлэх, дуулуулах, харилцан ярилцах, тайлбарлан хэлэлцэх зэрэг олон хэлбэрээр бүтээлчээр ашиглаж, сурагчдад миний эх орон ямар арвин их түүхтэй, ямар сайхан үзэсгэлэнт байгальтай, ямар их барагдашгүй баялагтай, ямар алдартай баатарлаг, хөдөлмөрч хүмүүстэй болохыг мэдрүүлж, ойлгуулж бяцхан ой ухаанд нь байгаа эх орон, төрж өссөн нутгаа хайрлах сэтгэлийн тэр нандин утсыг нь хөндөн хөглөж, улам хөгжүүлсээр ирсэн.

 

Б.ЦЭВЭЭН

 

Үргэлжлэл бий

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин