У.ОРГИЛМАА

Үндэсний Геологийн алба нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд УИХ­аас энэ оны нэгдүгээр сард шинээр байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын ашигт малтмалын үйл ажиллагааг эрэн хайх хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр чухалчлан байгуулсан томоохон алба юм. Тус албаны даргаар О.Чулууныг 2020 оны наймдугаар сарын 19­ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар томилсон. Түүний хувьд геологийн салбарын мэргэжлийн хүн бөгөөд 1984 оноос геологийн хайгуул, энэ чиглэлээр тасралтгүй ажилласан туршлагатай юм. Харин түүний хашиж буй ажил албатай салшгүй холбоотой чиглэлээр өөрийнх нь эзэмшлийн болон эзэмшилд нь байж байгаад төрсөн хүүгийнх нь нэр дээр шилжсэн зарим компани, тэдгээрийн оролцсон тендрүүд анхаарал татах болсон. Геологийн хайгуул судалгааны ажил өртөг өндөртэй учраас тендрийн дүнгүүд ч өндөр байдаг нь бүр ч дуулиан дагуулдаг бололтой.

О.Чулууны үүсгэн байгуулсан “Гео тех Импекс” ХХК /РД6087485/ нь 2016 оны зургадугаар сарын 21-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн ч тендерт оролцогчдын жагсаалтад 2017 оны тавдугаар сарын 1 7 - нд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны чиглэлд нь нанотехнологийн судалгаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, дотооддоо хөдөлмөр эрхлэлт зуучлах зэрэг чиглэл байсан нь зөвхөн гадаад худалдааны чиглэлийнх хэмээн бүртгэгджээ. Тус компаний тендерт шалгарсан түүхийг харахад, УУХҮЯ-ны захиалгаар 2017 онд зарласан “Монгол орны төв болон зүүн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлвийн судалгаа” нэртэй, 35 тэрбум 615 сая 311 мянган 870 төгрөгийн дүнтэй тендерт шалгарч байсан аж. 2017 онд байгуулагдсан компанийн хувьд ховор завшаан боловч эзэн нь энэ салбарт 40 жил ажиллаж буйн хувьд гайхах юмгүй биз ээ.

Мөн 2020 оны гуравдугаар сард Монголросцветмет ТӨҮГ-аас зарласан хоёр тендерт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан хоёр тендерт, Геологийн төв лаборатори төрийн өмчит компанийн тендер шалгаруулалт, болон тэндээс зарласан төсөл хөтөлбөрүүдэд оролцдог нь шилэн дансанд бүртгэгджээ. Үндэсний геологийн албаны дарга О.Чулууны нэр дээрх бүртгэлтэй хуулийн этгээдүүд дунд “Эрдэнэт үйлдвэр” компанийн дэргэдэх Хөдөлмөрийн чадвар алдалттай ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо” ашгийн төлөө бус Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн гэж бүртгэгдсэн байдаг.

Мөн 2019 оноос Монголын геологийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байна хэмээн намтарт нь бичжээ. Харин түүний хүү Ч.Золбоо 2018 оны есдүгээр сарын 3-нд үүсгэн байгуулагдсан /8288518/ “Хятадын газрын тосны их сургуулийн Монгол дахь төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар бүртгэгдсэн байна. О.Чулууны дараагийн компани нь 2019 оны тавдугаар сарын 2-нд үүсгэн байгуулагдсан РД6427642 дугаартай “Гео стратеги нэгдэл” нэртэй ашгийн төлөө ХХК. Үүнд найман хүн хувь ээзэмшдгийн дотор, удирдлага буюу захирлаар Ойдовын Чулуун бүртгэгджээ. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа, аялал жуулчлал, жимс жимсгэнэ тариалах, мал аж ахуй эрхлэхээс гадна яг “Гео тех импекс” шигээ чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.

Төрийн өндөр, дээд албан тушаалтан, жирийн төрийн албан хаагчид ч Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцэж ажиллах ёстой байтал өндөр үнийн дүнтэй, одоо хашиж буй ажил албатай нь шууд хамааралтай тендрүүдэд оролцсоор, ялсаар яваа байдал нь анхаарал татаж байна. Энэ байдлыг АТГаас Үндэсний геологийн албаны дарга О.Чулуунд анхааруулах, салбарынхны болон олон нийтийн хардлага сэрдлэгийг цэгцэлж ажиллуулах шаардлагатай байна. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН