Т.АМАРТҮВШИН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч зургаан хувийн санал авч, огцом уруудлаа. Уг нь 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулсан энэ намд ялалтаа үргэлжлүүлэх боломж байсан. Гэвч рейтинг хамгийн муу улс төрчөө нэр дэвшүүлснээс гадна дотооддоо хөлөө жийлцэн хоёр хуваагдсан нь ийнхүү амжилт муутай оролцох үндсэн шалтгаан болов. Хоёр хуваагдсан АН-ын талцал жил шахам үргэлжилж байна. Энэ хуваагдал зөвхөн өнгөрсөн жилээс эхлэлтэй бус өнө удаан жилийн түүхтэй. АН-ын дарга асан С.Эрдэнэ, албанаасаа буух гэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга нар өнөөдрийн талцал маргааны гол тоглогчид. Тэдний өс хонзогнол өнөөдрийн том хагарлын суурь болсон билээ. Хоёр эрхмийн муудалцах шалтгаан хаанаас, юунаас эхлэлтэйг дурдах нь зүйтэй болов уу.

УИХ-ын 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан З.Энхболд болон Х.Баттулга нар намын тамгаа С.Эрдэнэд “бэлэглэж” байв. Хариуд нь С.Эрдэнэ намаасаа 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших алтан боломжийг одоогийн Ерөнхийлөгчид олгосон. Товчхондоо, АН-ын МоАХ, Шонхор фракц нийлж, намын тамгаа С.Эрдэнэд, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг Х.Баттулгад олгож байлаа. Өгөө, аваатай явсан хоёр эрхмийн харилцаа 2018 оны сүүлээс муудаж эхэлсэн байдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны аравдугаар сард огцорч, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсон үеэс Х.Баттулга түүнтэй сүжирч эхэлсэн. Ерөнхийлөгч өөрийн хүмүүсээр хууль, шүүхийн засаглалыг бүрдүүлэхийн тулд УИХ-д нөлөөлөх удирдлагатай болсон. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын даргатай “найзлахаас” өөр арга байгаагүй. Нөгөө талдаа У.Хүрэлсүхийн хувьд нам доторх М.Энхболдын фракцыг буулгаж авахад Ерөнхийлөгчийн нөлөөлөл хэрэгтэй байв. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгчид МАНынхан очоод наалдчихдаг” гэж нэгэнтээ хэлж байв.

Эрх ашиг нь нэг цэгт огтлолцсон учраас Х.Баттулга, У.Хүрэлсүх нар ийнхүү “гар барьсан” билээ. Харин 2018 оны өвөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал хураалтад УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар эсрэг кноп дарснаар нь өнөөдрийн АН-ын хагарлын цэг үүссэн гэж хэлж болно. Учир нь дээрх хоёрын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг С.Эрдэнэ огцруулж чадаагүй. Энэ үеэс АН-ын дарга, Ерөнхийлөгч хоёрын хооронд ан цав үүсчээ. УИХ-ын 2020 оны сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга уугуул намдаа ч дэмжлэг өгч, өөрийнхөө “капитал”-ыг ашиглаагүй. Ийм учраас саяны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүйн тулд С.Эрдэнэ өөрийнхөө улаан нүүрээр үзэлцээд л гарлаа. С.Эрдэнэд “хэрүүлийн алим” хийх боломжийг Х.Баттулга өгчихсөн.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Туваан намынхаа X их хурлаа хуралдуулж, намын дүрмээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ “АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэр дэвших хүсэлтээ намдаа гаргавал, өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг засварлаж оруулсан нь шууд утгаараа С.Эрдэнэд “өгөөш” өгчихсөн хэрэг. Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх хүсэлд шатаж явсан С.Эрдэнэ, Ц.Тувааны алдааг ашиглаж, санасандаа хүрлээ. Гэм нь АН Ерөнхийлөгчийн “суудлаа алдав”. 

Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын талцал хуваагдал товчхондоо ийм. Х.Баттулга уугуул намаа мартаж, эрх баригч намын даргатай сүжирсэн гэмтэй бол С.Эрдэнэ намаа ялагдуулсан, сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж чадаагүй гэж буруутгах бүрэн үндэстэй. Үнэндээ С.Эрдэнэ намын дарга болсноосоо хойш сөрөг хүчний дуу хоолой болж чадаагүй.УИХ-ын сонгуульд ч намаа сайн удирдаж ороогүй. “Нам ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно” гэж хэлээд сонгуульд орж байв. Дайны талбар дээр цэргүүдээ хаяад зугтдаг дарга шиг. Сөрөг хүчний удирдагч уг нь олон нийтэд таалагдаж, рейтинг өндөртэй байх боломж байсан. Боломжоо С.Эрдэнэ ашиглаж чадаагүй. Тэгэхээр АН-ын өнөөдрийн энэ хуваагдал, ялагдлын бурууг С.Эрдэнэ, Х.Баттулга нарт хоёуланд нь хамаатуулах учиртай. АН ялахад албан тушаалын бялуу хүртэж явсан энэ хоёр эрхэм алдаа дутагдлаа өөрсдөөсөө хайх ёстой. Цаашид энэ хоёргүй АН л эв нэгдлээ олж, бүтэн болох боломж бүрдэнэ.

О.ЦОГТГЭРЭЛ, М.ТУЛГАТ НАР ЗӨВШИЛЦӨХ ҮҮ

Х.Баттулга, С.Эрдэнэтэйгээ АН зууралдсаар байвал нэг цул болж, үзэл санаан дээрээ нэгдэж чадна гэж итгэхэд бэрх. О.Цогтгэрэл Х.Баттулгаас, М.Тулгат С.Эрдэнээс хараат байж, өөрийнхөө толгойгоор асуудалд хандаж чадахгүй бол хуваагдсан АН нэгдэж, нийлэх боломжгүй. Төрийн тэргүүнээ сонгох том эрх ашиг дээрээ нэгдэж чадаагүй хоёр эрхэм, одоо нэг тийшээ харж, ойлголцох нь юу л бол. Тиймээс О.Цогтгэрэл, М.Тулгат нар намынхаа эрх ашиг, үзэл санаан дээрээ нэгдэж, ойлголцохоос өөр аргагүй билээ. Хуваагдсан АН хүчгүй, сул дорой, гуравдагч хүчнээс муу үнэлгээ авч байгааг болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас харлаа. Бүтэц, зохион байгуулалт сайтай, хүчээ нэгтгэсэн МАН-тай тэнцүү өрсөлдөх хэмжээнд очихын тулд АН бүтэн болох учиртай. Тэр боломж нь тус тусдаа намын даргаар тодорсон О.Цогтгэрэл, М.Тулгат нарт бий. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас нэгдсэн хурал зохион байгуулах, нэг нам болох санаачилга гаргасан. М.Тулгатын талаас ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй.

 Энэ намар Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуульд АН амжилттай оролцох эсэх нь мөн л эв нэгдлээс хамаарна. Хоёр хуваагдсан хэвээр нөхөн сонгуулийн барааг харвал, саяны сонгуулийн үр дүн давтагдахад гайхах зүйлгүй. М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нь ч АН-ын даргын албыг хашаад, аваад явчих боломжтой, чадалтай залуус. Нөгөөтэйгүүр АН-д нэн тэргүүнд бүтэн болж, эвлэлдэн нэгдэж, цаашид хүчтэй сөрөг хүчин байх, намын дотоод шинэчлэлээ эхлүүлэх их ажил хүлээгдэж буй. АН нь С.Эрдэнэ, Х.Баттулгаас гадна, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, З.Энхболд гээд ахмадуудаасаа салж, шинэ үеийнхэн нь бодлого тодорхойлох цаг аль хэдийнээ ирчихсэн. МАН-аас Засгийн газрын тэргүүнийг 41 настай Л.Оюун-Эрдэнэ удирдаж, удахгүй намынхаа тамгыг атгах гэж байна.

Гэтэл АН-ын ахмадууд зайгаа тавьж, залуучууддаа боломж олгохгүй суусаар буй. Нөгөөтэйгүүр залуучууд нь ч тэр “ах нар”-ынхаа халааг гуйж биш, гуядаж авах эр зориггүй байна. АН лидергүй болчихлоо гэдэг нь бодит үнэн. Намын лидер гэгдэж байсан дээрх хүмүүс намынхаа гишүүд болон ард түмний дунд таагүй нэртэй болцгоосон. Үе нь ч өнгөрч. 

Хамгийн нэр хүндтэй нь Ерөнхийлөгч Х.Баттулга л байна. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд эргэж, улс төрд хөл тавих нь гэж эрх баригч хүчин эмээж буй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд Х.Баттулгыг хэсэгтээ улс төрд оруулахгүй байх хаалт тавьж буй сурагтай.Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно” гэж тусгажээ. Энэ нь ардчилсан Монгол Улсад хэтийдсэн, улс төрийн эрх, эрх чөлөөг нь боомилсон үйл явдал болох нь. Монгол Улс олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс. Эрх баригч хүчин нь өрсөлдөгчөө төрийн байгууллага, хуулийн өөрчлөлтийн хүрээнд “намнадаг” байж болохгүй. Улс төрийн шударга өрсөлдөөнийг бий болгож, нэг намын дарангуйллаас ангид байхын тулд АН хүчтэй байх ёстой. АН-ыг “эвлүүлж”, нэг цул болгох үүрэг, шаардлага О.Цогтгэрэл, М.Тулгат нар нь өмнө оногдож байна. Тэд нэгдэж, олон мянган гишүүдийнхээ итгэл, сэтгэлийг хүлээж чадахгүй бол хэн ч биш. Цэрэггүй дарга гэж байдаг билээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН