Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангараг өргөлөө. Мөн Ерөнхийлөгчийн тамгыг тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас албан ёсоор гардан авлаа.

Ингээд тэрбээр ард түмэн, УИХ-ын гишүүд, зочид төлөөлөгчдөд хандан үг хэллээ:

Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат Монгол Улсынхаа өндөр сэнтийг түшиж, эрх үүргээ шударгаар сахин биелүүлэхээ андгайлж, тангарагаа аргалаа. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өссөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноосон эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн, мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн, бурхны орноос харж буй аав, ээждээ, аваг дээдэсдээ мэхийн ёсолъё. Миний бие үндэсний эв нэгдлээ сахин хамгаалах ард түмний асар их захиа даалгаврыг хүлээн авч байна. Энэ сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт амжилт хүсье. Мөн Х.Баттулга танд гүн хүндэтгэл үзүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Хүмүүс эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл хангалуун амьдардаг нийгэм байгуулах гэж ард түмэн хүсэж, бас шахаж шаардаж буй. Хараат бус шударга шүүхийн байгууллагатай байх нь үүний үндэс. Зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг тогтолцоог бий болгох нь чухал байна. Хүн засагладаггүй, хууль засагладаг байна. Ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг байх нь Монгол төр юм.

Байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь мөн чухал шаардлага болжээ. Төрийн бодлогыг тодорхойлж, үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэн, эх орноо үйлдвэрлэгч улс болгохын төлөө ажиллана. Ард түмний минь хүсэл тэмүүлэл, төрийн тэргүүн миний байр суурийн үр шимийг манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэж байна. Харин байгалийн баялаг бол дундардаг баялаг, манай ард түмний оюун санаа бол ундардаг баялаг гэдгийг санах хэрэгтэй. Бидний энэ баялаг бол монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархахын үндэс суурь болох юм. Хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Иймд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, ёс заншлаа сурталчлах ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллана.

Тусгаар тогтнолын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн билээ. Эдгээрийн алтан гагнаас нь эв нэгдэл билээ. Монголчууд эвтэй байхдаа хүчирхэгжин манддаг. Миний бие Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаална. Монголын ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдлийн эсрэг аливаа зүйлтэй хатуу тэмцэнэ.

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсэн ардчилсан засаглалаа хөгжүүлэх, хүн бүр тэгш эрхээр хангагдсан нийгмийн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. Эд нэгдэл үгүй хөгжил дэвшил, улс үндэстэн байх учиргүй”