Сангийн сайд Б.Жавхлан ирэх хоёр жилд төлөгдөх байсан Чингис, Гэрэгэ бондуудыг дахин санхүүжүүлсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны есдүгээр сард олон улс дахь зах зээлийн дата нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн удирдлагын зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хугацаа тулаад байсан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

Монгол Улс 2011-2012 онд 12.3-17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй зээлжиг зэрэглэл өнөөгийн түвшнөөс хоёр дахин дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай 5.25 хувийн хүүтэй 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргаж байсан. Энэхүү бондын эргэн төлөлт ирэх жил хийгдэх гэж байна. Харин энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай цар тахлын хэцүү цаг үед бид Century төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй 500 сая ам.долларын нийт 1 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хийлээ. 

Манай улс В үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн бага хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлж чадлаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг харууллаа. 

Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамт буурах төдийгүй зээлжих зэрэглэл сайжруулахад чухал нөлөөтэй" хэмээн хэллээ.