Өнөөдөр /2021.07.01/ төв талбай дээр Тэвчээр тасарлаа болон УОК-ийн шийдвэрийг эсэргүүцсэн “NONAADAM” хөдөлгөөний хүрээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуучууд жагсаал зохион байгуулж байна.

Энэ нь хууль бус үйлдэл гэж цагдаагийн албан хаагчид тарахыг шаардаж, анхаарууллаа. Ковидын улбар шар дэглэмийн үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон зохицуулалттай гэдгийг цагдаагийн албан хаагчид анхааруулж байна. 

Харин иргэд ямар нэгэн зохион байгуулалтгүйгээр өөрсдийн сайн дураар зайгаа барин хийж буй учраас зохион байгуулсан явдал биш гэж эсэргүүцэж байв. Тодорхой хугацаанд шаардлагыг биелүүлэхийг сануулсан бөгөөд шаардлагатай бол дараагийн арга хэмжээг авна гэж цагдаагийн албан хаагчид мэдээлэл өгөв. 

 

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс ямар нэг үймээн, мөргөлдөөн, хүчирхийлэл гаргах зорилго санаа агуулаагүй байгаа бөгөөд төр засгийг нааштай хариу гаргатал өдөр бүр 15-17 цагийн хооронд жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Өнөөдрийн жагсаал дээр аж ахуйн нэгжүүдийн нэгдэл, хил гааль дээр гацсан бараагаа авж чадахгүй байгаа иргэд, болон цахим наадмыг зохион байгуулж хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдлийг эсэргүүцэн мөн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр амь насаа алдсан иргэдийн дурсгалд зориулж уг жагсаалыг зохион байгуулж байгаа гэжээ.