Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумийн Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон. 

Орон нутгийн Онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 12-ны 16:15 цагт хүлээн авчээ. Эрэн хайх ажиллагааг 16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 18:45 цагт “Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усан дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авчээ.

Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22:00 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.