Баяр наадмын ес хоногийн амралтаар нийслэлчүүд орон нутаг руу “нүүсэн”.

Долдугаар сарын 7-ны өглөөнөөс 16-ны хооронд л гэхэд Улаанбаатараас 38055 тээврийн хэрэгслээр 81000 хүн орон нутгийг зорьжээ. Дан ганц нийслэл гэлтгүй хөдөөгийнхөн хүртэл аймаг, сум дамжин аялаж зугааллаа.

Уг нь Монгол Улс зүгээр нэг үндэсний их баяр наадмаа өнжчихөөгүй. Цар тахлын халдвараас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө өв соёлоо хүртэл хойш нь тавьсан. Гэтэл эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй хэмээн эсэргүүцэж наадмаа  хойшлуулсан Монголчууд хэнэггүй зангаасаа болж цар тахлаар бус цаг бусаар дэндүү олуулаа амиа алдаж байна. Наадмын найм хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл үүний талаас илүүтэй тэнцэх тооны хүнээ аюулт өвчнөөр бус анхаарал болгоомжгүйгээс болж алдлаа.Тухайлбал, цар тахлаар долдугаар сарын 11-нд 11 усны ослоор таван хүн, долдугаар сарын 15-нд цар тахлаар дөрөв бол усны ослоор есөн хүн амь насаа алджээ.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-19-ны хооронд 29 хүн усанд осолдсоны зургаа нь хүүхэд, 23 нь том хүн байна. Үүний цаана онцгой байдлын аврагчид 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалсан байгаа. Аврагдсан нь ийм олон хүн.

 

Харин цагдаагийн байгууллагын мэдээллээр дээрх хугацаанд зам тээврийн ослоор 17 хүн амь насаа алдсан байна. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт 13, хүүхэд нэг, том хүн 14 байна. Осолд өртсөн тээврийн хэрэгслийн 33.0 хувь нь Приус маркийнх байсныг цагдаагийн байгууллагаас анхааруулаад байгаа юм. Дээрх 47 тохиолдол бүгдээрээ зөвхөн аялаж зугаалж явахдаа хэнэггүй, хайхрамжгүй байдлаас болсон нь харамсалтай.

 

Усны осол эндэгдлийг аймаг орон нутгаар нь авч үзвэл,  Архангайд нэг, Баян-Өлгийд нэг, Баянхонгорт гурав, Булганд хоёр, Говьсүмбэрт нэг, Дархан-Уулд нэг,  Дундговьд дөрөв, Сэлэнгэд дөрөв, Төв аймагт , Хэнтийд дөрөв, Улаанбаатар хотод зургаан хүн эндсэн байна. Усны ослоор амь насаа алдаж буй гол шалтгаан нь бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос болж байна гэж дүгнэж байна. Гэтэл энэ он гарсаар эхний долоон сарын хугацаанд  15 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан тоо баримт бий. Үүнтэй харьцуулахад, амарч зугаалсан ес хоногийн тоо бүтэн жилийн талтай дүйж байгаа нь харамсалтай.

Мөн хамгийн ноцтой нь сүүлийн таван жилд баяр наадмын амралтын өдрүүдээр усны ослоор нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг харвал, 2017 онд 12 хүн буюу 10 том хүн, хоёр хүүхэд, 2018 онд дөрвөн том хүн, 2019 онд 14 буюу 10 том хүн, дөрвөн хүүхэд байна. 2020 онд 17 буюу 12 том хүн, таван хүүхэд байгаа бол энэ онд 29 буюу 23 том хүн зургаан хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, таван жилд хамгийн олон хүн эндсэн нь энэ жил байна. Монголчуудын усны “зовлон” энэ хүрээд дуусахгүй. Ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс хойш бороо хур элбэгшиж гол усны түвшин ч нэмэгдэнэ. Тиймээс хэнэггүй зангаа хаяж  хариуцлагатай амарч зугаалдаг болохсон. Хэзээ нэг ухамсар суух бол.

 

Долдугаар сарын 10 - 1

 

Говьсүмбэр: 14 хүн Хэрлэн голын эрэгт зугаалж явснаас нэг иргэн усанд сэлэх гэж ороод осолдсон

 

Долдугаар сарын 11 - 5

 

Дархан-Уул, Улаанбаатар, Сэлэнгэ , Хэнтий: Хараа голын усанд сэлж байгаад 1, Гурван хүн тогтоол усанд сэлж байгаад 1 иргэн осолдсон. “Хөтөл бетон” ХХК-ийн ажилчид зугаалж яваад нэг нь загас барих гэж ус руу ороод осолдсон. Хараа голын эрэгт зугаалж яваад 1 иргэн усанд осолдсон. Голын эргээр 24 хүн зугаалж яваад хүүхдээ хараа хяналтгүй орхисноос 1. Хэнтийн Хэрлэн голд 1 иргэн осолдсон.

 

Долдугаар сарын 12 - 2

 

Баян-Өлгий, Баянхонгор: 12 хүн зугаалж байснаас “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 1 иргэн хаднаас халтирч осолдсон. Баянцагаан суманд хиймэл нууранд сэлж байгаад 1 иргэн.

 

Долдугаар сарын 13 - 1

 

Улаанбаатар: Туул голд зургаан хүн зугаалж яваад нэг хүн усанд осолдохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

 

Долдугаар сарын 14 - 1

 

Баянхонгор: “Битүүгийн эх” нууранд дөрвөн хүн нуурын эргээр морьтой явж байснаас 1 нь морьтойгоо нууранд живсэн.

 

Долдугаар сарын 15 - 9

 

Улаанбаатар, Хэнтий, Булган, Төв, Дундговь: Туул голд голд цогцос байна гэсэн дуудлагаар 1, Налайх дүүрэгт хийлдэг гудсан дээр хөвж байгаад гудас нь хөмөрч живсэн. Гүрмийн нууранд хийлдэг тоглоом дээр тоглож байгаад 1 иргэн живсэн.Хутаг-Өндөр суманд голын эрэгт зугаалж яваад сэрүүцэхээр ус руу ороод 1 иргэн. Хэрлэн голоор малаа тууж явсан 1. Мөнгөнморьт суманд голын эргээр зугаалж явсан 1. Адаацагт тогтоол усанд сэлэхээр ороод 1. Хотод хиймэл нууранд завиар сэлж байгаад живсэн.

 

Долдугаар сарын 16 - 1

 

Хэнтий: Хэрлэн голд согтууруулах ундаа хэрэглэж усанд сэлэх гэж ороод живсэн

 

Долдугаар сарын 17 - 1

 

Архангай: Тэрхийн цагаан нуурын эрэгт зугаалж яваад 1

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин