Сүүлийн жилүүдэд манай оронд өмнө нь үзэгдэж сонсогдож байгаагүй, хүний санаанд оромгүй аймшигт хэргүүд гарах болсон нь аймшигтай мөн маш харамсалтай. Эрүүл хүний санаанд оромгүй эдгээр хэргүүдийг үйлдэх болсон шалтгаан өөр өөр ч гэлээ сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хохирогч болох магадлал өндөр юм.

 

    Манай улсад 22 мянга гаруй сэтгэцийн өвчтэй иргэд эмчийн хяналтад байдаг байна. Харин энэ тооноос гадна хичнээн сэтгэцийн их бага хэмжээний өвчтэй хүмүүс бидний дунд амьдарч байгааг төсөөлөхөд бэрх бөгөөд сэтгэцийн өвчтэй хүнийг гаднаас нь хараад таних аргагүй юм. Хавар, намарын улиралд эдгээр хүмүүсийн өвчин сэдэрдэг байна. Улмаар сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа тухай мэргэжлийнхэн мэдээллэх боллоо. Сэтгэцийн өвчин сэдрэх нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг байна.  Хавар болмогц гэмт хэргийн гаралт эрс нэмэгддэг. Тиймээс бага насны хүүхэд, хөгшид ч гэлтгүй үдэш оройн цагаар аюултай газраар явахгүй байхыг анхааруулж байна.

 

   Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, гадны нөлөөтэй, онц хэрцгийгээр хөнөөгдсөн 25-35 насны хоёр эмэгтэй хүний цогцос олдсон байна. Тэдний нэгийнх нь толгой тасалсан байдалтай байсан аж. Тиймээс цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өнгөрсөн бямба гаригт Баянзүрхийн товчоогоор орж гарсан тээврийн хэрэгсэл бүрийг шалгасан гэнэ.

 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүүгээс тодруулсан юм.

 

-Өнгөрсөн амралтын өдөр хүн амины ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн.

 

-Хэчнээн хүний цогцос олдсон юм бэ?

-25-35 насны хоёр эмэгтэй хүний цогцос олдсон.

 

-Толгойг нь тасарсан байсан гэсэн?

-Тийм, нэг цогцос нь толгойгүй байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

-Гэмт этгээдийг илрүүлсэн үү?

-Бид энэ талаар өнөөдөр 14.00 цагт албан ёсоор мэдээлэл хийнэ.

 

    Гэмт хэрэгтэнг  тэр өдөр нь баривчилж чадаагүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд өчигдөр баривчилсан байна. Гэмт хэрэгтэнг илрүүлэхэд камертай дэлгүүр хамгийн их тус болсон гэнэ.  Тодруулбал давсны булгийн тэнд байрлах нэгэн дэлгүүрээс архи аваад гарч явсан залуу болон хоёр охины дүрс камерт бичигдэн үлдсэн байжээ. Тэрээр дүүтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг үйлдсэнийхээ дараа дүүгээ аван зугтсан байсан нь энэ аж.

 

      Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа архидалт, ажилгүйдэл, бухимдал, хүн амын хэт төвлөрөл, хотжилтоос үүдэлтэй сэтгэл гутралын асуудал газар авч, энэ төрлийн эмгэгт өртөх иргэдийн тоо ихэссэн гэнэ. Мөн амиа хорлолт болон гэнэтийн осол, гэмтэл газар авч амьдралын баталгаа, үнэ цэнийг үгүй болгож байгаа нь ч энэ төрлийн өвчлөл үүсгэх нөхцөл болж байгаа юм.

 

     Сэтгэцийн өвчнийг удамшлын, олдмол гэсэн хоёр бүлэгт ангилан авч үздэг байна. Удамшлын өвчин нь эцэг эх, өвөө эмээ нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байгаад дараагийн үе шатандаа удамшдаг аюултай архаг өвчин ажээ. Харин эрүүл төрчихөөд, амьдралын явцад бий болсон олдмол нь мөн бий. Энэ нь ажилгүйдэл, хотын агаарын бохирдол, замын түгжрэл, хулгай дээрэм, гэмт хэрэг гэх мэт олон асуудалтай холбоотой аж. Бид бараг өдөр бүр айдас түгшүүр, уур бухимдлын дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл, нийгэм өөрөө асар их стресстэй байна гэсэн үг.

 

    Тиймээс тухайн хүний айдас түгшүүр, уур бухимдал өөрийг нь дарамтад оруулаад зогсохгүй, улмаар сэтгэцийн өвчтэй болгодог байна. Энэ нь газар гэсэх үеэс эхлэн идэвхжиж өөрийн хяналтгүйгээр гаж буруу үйлдэл хийж, амьдралд үл нийцэх ааш авир гаргахаар илэрдэг байна. Түүнчлэн хаврын улиралд эмнэлэгт хэвтэж буй өвчтнүүдийн сэтгэл санаанд ч өөрчлөлт ордгийг эмч судлаачид хэлдэг. Уг нь зуны улиралд хүн авах ёстой энергиэ бүрэн нөхөж, төв мэдрэлийн систем нь маш сайн тайвширдаг аж. Зуны улиралд хүний сэтгэл санаа харьцангуй тайван, эргэн тойрон ногоон өнгөтэй болохоор амар амгаланг мэдрэх шалтгаан болдог байна. Харин хавар бол хатуу ширүүн улирал учраас зун, намар цуглуулсан энергийг нь шавхдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, цас хайлах, ногоо ургах, газар гэсэх гээд цаг уурын байдал эрс өөрчлөгдөхөд хүний хуримтлуулсан энерги, оюуны чадавхи муудаж, амархан ядрах шалтгаан болдог ажээ. Энэ үед эмчийн хяналтад гадуур байдаг иргэдийн сэтгэцийн өвчин хурцдаж, үйлдлийнх нь давтамж ихэсдэг тохиолдол олон. Өнөөгийн залуус ном, зохиол уншихаа больж, компьютер тоглож, караоке, бааранд орж, мөрийтэй тоглоом, архинд донтох болсон.

 

     Үүнийг даган янз бүрийн дон, сэтгэцийн өвчин бий болж, улмаар элдэв төрлийн гэмт хэрэг олноор гарах болов. Сүүлийн үед мансуурах хандлага ч ихэссэн. Энэ бүхэн залуусын сэтгэцэд сөргөөр нөлөөлсөөр байна. Гэхдээ манай улсад тухайн хүнийг хараад “Энэ сэтгэцийн өвчтэй” гэж ялгах арга үгүй болсон гэнэ. Тийм эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд эрүүл мэндийн салбарынхан ч бараг мэддэггүй гэхэд болно. Харин гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа “Сэтгэцийн өвчтэй байж болзошгүй” хэмээн эмчийн үзлэгээр оруулдаг аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн XXIII хороонд оршин суух 38 настай С хамар хашааныхаа 46 настай Ц-тэй хамт архи уужээ. Улмаар Ц-г нөхөртэйгөө хардан “Миний нөхрийг оролдлоо” гэсэн шалтгаанаар хүзүүнд нь хоёр удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн С нь группт байдаг нэгэн ажээ. Тиймээс цагдаагийнхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж, түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй хэмээн үзээд холбогдох газарт нь шилжүүлсэн байна.

 

    Энэ мэтчилэн манай улсад сэтгэцийн өвчтэй этгээдийг гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө тодорхойлох бус хамгийн сүүлд эмчийн үзлэгт оруулдаг гэсэн үг. Хаврын хаварт гудамжинд орилж хашгирдаг, нүцгэлдэг, дэмийрдэг хэн бүхний нүдэнд илт шинж тэмдэг илэрсэн хүнийг л “сэтгэцийн өвчтэй” хэмээн тодорхойлж байна. Гэсэн ч тэднийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, олноос тусгаарлах нь ховор. Ер нь тэд хаана юу хийх, хэнд хор хүргэх нь үндсэндээ хамаагүй мэт бөгөөд эрүүл хүмүүс тэднээс зайгаа барьж, амиа аргалаад л явбал болох нь тэр гээд орхичихсон. Тэгвэл дэлхийн бусад оронд тийм хүмүүсээ битгий хэл зүгээр ажлаа хийж яваа энгийн хүнийг ч эмчийн хяналтад байлгадаг ажээ. Тухайн хүн зүгээр мэт харагдавч сэтгэл санаа нь тогтворгүйжих, уур бухимдал нь ихсэх, ганцаардах, ажил дээр үл ойлголцол гарсан тохиолдолд сэтгэцийн өвчин нь хөдөлнө гэж үздэг байна. Ийм үедээ ямар ч үйлдэл гаргаж мэдэх эрсдэлтэй гэж үздэг учраас тэр. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ааш зан нь эвдрэх, хүчирхийлэл үйлдэх нь олонтаа. Тиймээс бусад оронд иргэдээ эмчийн үзлэгээр оруулан тодорхой зэрэглэлд хамруулаад хяналтад байлгадаг аж. Нөгөө талаар манай улсад бие махбодийн өөрчлөлт орсон хүн л эмнэлгийн тусламж авах ёстой мэт ойлгодог.

 

     Эрүүл мэндээрээ сайн байна гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд эрүүл гэсэн үг. Харин жинхэнэ эрүүл хүн бол эрүүл бие, эрүүл оюун санаатай байдаг аж. Ийм хүн зөвөөр сэтгэж, амьдралд тохиолдож буй төрөл бүрийн бэрхшээлийг шийдэх чадвартай, найз нөхөд, хамтран ажиллагсад, гэр бүлийнхээ хүмүүстэй сайн харилцаатай, оюун санааны хувьд амар амгалан байж, бусад хүмүүст аз жаргал бэлэглэж байдаг. Тэгвэл өнөөдөр хүмүүс оюун санаа /сэтгэц/ ба бие махбодийг хоёр өөр зүйл хэмээн ойлгож байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь нэг зүйлийн хоёр тал. Тиймээс нэг тал нь ямар нэг хэмжээгээр гэмтэхэд нөгөө тал нь хямардаг байна. Үүнийг л сэтгэцийн өвчин гэх бөгөөд нэгэн судлаачийн бүтээлд энэ нь “тухайн хүний сэтгэл хөдлөл, бодол буюу зан үйлд нөлөөлөн уламжлалт итгэл үнэмшил, бие хүний зан чанарыг алдагдуулж өөрийнх нь болон гэр бүлийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин мөн” гэжээ. Уг нь СЭМҮТ буюу иргэдийн хэлж заншснаар Шар хадны эмнэлэг гэж байдаг ч төр засгаас төдийлөн анхаардаггүйг эмч нар нь хэлдэг юм билээ. Тэр эмнэлэгт ямар хүмүүс хэвтдэг, ер нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн өөр хэд байгаад анхаардаггүй аж. 
 

Манай улсад 22 мянга гаруй сэтгэцийн өвчтэй иргэд эмчийн хяналтад байдаг


     Дэлхийн эрүүл мэндийн байгууллага / ДЭМБ/-аас гаргасан судалгааны өнгөрсөн жилийн статистикаас харвал мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг, архи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудалтай 450 сая хүн байдаг ажээ. Түүнчлэн өнөөгийн байдлаар дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж буй аж. Үүнээс гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой буюу сэтгэл гутрал, архаг солиорол, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой болон ялимгүй зовлонт байдлын эмгэг байдаг байна. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ.

 

    Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628 хүн буюу нийт хүн амын 23.3 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан байх юм. Харин хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд гурван жилийн өмнөх байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлдэг байжээ. Тэгвэл нийгмийн бухимдал улам ихэссэн өнөө үед энэ тоо өнөөдөр нэмэгдсэн үү гэхээс буураагүй л болов уу. Иргэдээ элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд зөнд нь хаях бус асуудлыг цэгцлэх арга хэмжээ үгүйлэгдсээр л байна.