Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд зодоглосон М.Лхагвагэрэл эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкуг 8-4 харьцаагаар яллаа.

Эхний үед манай тамирчин хөлийг нь авч ард нь гаран 2 оноо авсан ч зөрж ардаа алдан 2 оноо алдлаа. Гэхдээ үеийн төгсгөлд дахин ард нь гарч тооны харьцаа 4-2 болсон.

Харин хоёрдугаар үе эхлээд Зианас түлхэж гарган нэг оноо авсан ч манай тамирчин дахин ард нь гарч хоёр оноо авлаа. Улмаар тоглолт М.Лхагвагэрэлийн талд эргэж 8-4 харьцаагаар яллаа.

Тэрээр шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудинович болон 2020 оны Азийн аварга Казахстаны Юсүп Батирмурзаев нарын ялсантай 11:47 цагаас барилдана.

М.Лхагвагэрэл нь 2019 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай.