АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэрээ тэрээр: "АН-аас долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг мэдээллээ энэ удаа Хэлмэгдэгсдийн хөшөөний урд хийж байна. Учир нь Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө, чөлөөтэй зорчих эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсан байна. Үүнийг гурван зүйлээр баримттай хэлье. 

Нэгдүгээрт, УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкны удирдлагыг дуудаад нэг үүрэг өглөө. Том мөнгөн дэвсгэртийг хурдан гарга, энэ асуудлыг судалж, шийдвэрлэ гэлээ. Энэ бол иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж буй хэрэг юм.

 

Том мөнгөн дэвсгэрт гаргаад улс орны, хүмүүсийн аж ахуйн асуудал шийдэгддэг байсан бол АНУ 500 долларын дэвсгэрт гаргаад асуудлаа шийд л дээ.

 

Англи өнөөдрийг хүртэл яагаад зоосон мөнгөө хэрэглэдэг юм? Энэ бол эдийн засгаа үнэ цэнэтэй байлгаж байгаа хэрэг юм. Гэтэл Монголд том мөнгөн дэвсгэрт гаргана гэж байгаа нь эдийн засаг туйлдчихсан, төгрөгийн ханш уначихсан гэдгийг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ асуудлыг яаж зогсоох вэ? гэж биш цааш нь улам явуулах, эдийн засгийн амь, амьсгалыг хураах тухай бодлого гаргаад, үүрэг чиглэл өгч байгаа нь харамсалтай. Энэ бодлогоор явах юм бол нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг байдал руу орно. Харин ч 20,000 төгрөгийн дэвсгэртийг аль болох гүйлгээнээс гаргах тухай бодлого явуулбал зөв зам руугаа орно. Монгол Улсад алсын хараа, эдийн засгийн эрх чөлөө байхгүй болчихжээ. 

 

Хоёрдугаарт, “No Naadam” гэдэг санаачлага гаргасан хүмүүсийг Тагнуулын байгууллагаас шалгасан, шалгаагүй гэдэг дуулиан яваад байна. Үүн дээр холбогдох хуулийн байгууллагууд нь өөрсдөө мэдээлэл хийдэг болох ёстой. Тэгэхгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын гаргасан мэдээний зөв бурууг шүүгээд, хэвлэл мэдээлэл болон иргэд нь хоорондоо дайсагнасан байдал руу орж болохгүй. Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага хэвлэлийн албатай шүү дээ. Тэр хэвлэлийн албадууд нь иргэдийн дунд эргэлзээ, үл ойлголцол үүсгээд байгаа асуудлууд дээр нь албан ёсны тайлбар өгч явдаг байх ёстой. Мөн иргэдийн гаргаж тавьсан мэдээллүүдийг шалгаж, мухарлаад, энэ талаарх бодит мэдээллээр хангадаг байх ёстой. УИХ дээр мөн нээлттэй сонсгол хийх эрх нь байгаа шүү дээ. Мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол гаргасан иргэнийг нь, асуудлыг шалгахгүй байгаа хуулийн байгууллагын удирдлагуудыг нь авчирч байгаад нээлттэй сонсгол хийгээд, мухарлаад, иргэдэд бодит мэдээлэл өгөх эрх нь байгаа.  Ийм маягаар зөв бүтцээр ажиллаач ээ. 

 

Гуравдугаарт, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 9-р сарын 01-нд сургууль эхлэхтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ өнөөдөр 185,000 сурагч хичээлийн хоцрогдолтой байгаа гэдэг аймшигтай зүйлийг хэллээ. Энэ бол Монголын 185,000 хүний ирээдүй алга болчихлоо гэсэн үг. Боловсрол гэдэг нь тухайн хүний ирээдүй шүү дээ. Энэ хоцрогдлыг арилгах бодитой ямар нэгэн ажлыг танилцуулсангүй.

 

Долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллэнэ гэнэ. Корона вирус амардаг болчихсон юм уу?

 

Корона амардаг өдөр нь танхимаар хичээллээд, тархдаг өдрүүдэд нь цахимаар хичээллэнэ гэж байгаа юм шиг инээдтэй бодлого руу орлоо. БШУ-ны Яам тодорхой бодитой, зоригтой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Хичээлийн хоцрогдол, ирээдүй болсон хүүхдүүдийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хэсэг нь үнэтэй сургуульд сураад хангалттай боловсрол авчихдаг. Нөгөө талд нь сургуульд хамрагдаж чадахгүй, теле хичээл нэртэй хэлбэр төдий сурснаас болоод хохирдог байж таарахгүй. Үүн дээр БШУЯам маш зоригтой шийдвэрүүдийг гаргаж, боловсролын хоцрогдлыг арилгах ёстой." гэв.