Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсон өчигдөр Монголд иржээ. Тэрбээр гурван жилийн өмнөөс “Засагчандмань” компанийнханд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд алдсан.

Манай хууль хяналтын байгууллагынхан “Засагчандмань” компанийн эзэд, удирдлагуудад “бусдыг залилан мэхэлсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч хэргийг шалгаж байх үед “Засагчандмань” компанийн эзэн Д.Буянтогтох нэр бүхий шүүгчийн туслалцаатайгаар хил давж зугтсан. Мөн түүний эхнэр П.Инж-Улбаа сураггүй болсон. Өдгөө цагдаагийн байгууллага тэднийг эрэн сурвалжилж байна.

Харин Макс Жонсоны болон хөрөнгө оруулагчдын зүгээс “...Монгол Улсын шүүхийн шийдвэрээр хохирол, нөхөн төлбөрөө ойрын хугацаанд авна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол Улсын шүүх нь хараат бус бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадахаа харуулах нь хамгийн чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Макс Жонсоныг хүлээн авч уулзана гэсэн мэдээлэл байна. Макс Жонсоныг хүлээж авч уулзах нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс улс төрийн эр зориг шаардсан явдал болох юм. Яагаад гэвэл, иргэдэд нь хөрөнгөө алдсан гадаадын хөрөнгө оруулагчтай уулзсан Ерөнхий сайд ямар хандлага илэрхийлж, юу ярих нь гадаад, дотоодгүй олон нийтийн, ялангуяа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

 

 

Б.Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин