2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын тоон мэдээллийг өчигдөр (2021.09.13) Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:

Нэгэнт нээсэн бол сургуулийг дахиж хаахгүй гэсэн зорилго тавьж байгаа. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ есдүгээр сарын 1-нд 19 хувь байсан бол хоёр долоо хоног хичээллэсний дараа өсөөгүй. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авч байна. Тиймээс бид цаашид сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлнэ.

Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдварын тохиолдол буурвал 5/9 гэсэн тоог нэмнэ. Өөрөөр хэлбэл танхимаар хичээллэх тоог үе шаттайгаар нэмэх юм. Халдварын тохиолдол буурахыг харж, эрсдэлийн үнэлгээ хийж байж хоёр, гурван настнуудаа цэцэрлэгт авна. Томуугийн вакцин тодорхой үр дүнгээ өгөх болов уу гэсэн хүлээлт байна.

Үдийн хоол болсноор сургуулиудад маш их эрсдэл дагуулж байна гэж яригдаж байгаа учир судалгааны ажлын хэсэг байгуулна. Үдийн хоолноос болоод халдвар нэмэгдвэл үүнийг түр хугацаанд хойшлуулна гэж тооцоолж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг есөн сургуулийн зургаа нь хичээлээ хоёр ээлжээр зохион байгуулж байна. Гурван сургуулийн хувьд түрээсийн байрын засвар хийхээр болсон тул энэ асуудал түр хүлээгдэж байгаа. Зориулалтын бус байранд нэг ч сургуулийг хичээллүүлэхгүй. 

Улаанбаатар хотын түгжрэлийн 30 хувь нь сургууль, цэцэрлэгээс хамаарч байна гэж байгаа болохоор 25 цэцэрлэг дээр ээлжийн багш ажиллуулж байгаа. Цаашид ээлжийн багш ажиллуулах санхүүгийн боломжуудыг хайна. Сэтгэл зүйчдийг ЕБС дээр ажиллуулж байна.

Нийслэлд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоо өөрчлөх ёстой. 2022 оны улсын төсөвт цэцэрлэггүй, бага сургууль, дунд сургуульгүй байгаа газарт анхаарал хандуулна. КОВИД-19-өөс үүдсэн хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тиймээс улс даяар боловсролын чанарын судалгааг эхлүүлнэ. Боловсролын зээлийн сангаас өмнөх онд олгогдож байсан зээлүүд бүгд олгогдоно.

Дэлхийн шилдэг 100 сургуульд орсон хүүхдүүдэд өгөх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Харин Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Дэлхийн шилдэг 100 сургуульд бакалавр гэхээсээ илүүтэй магистр, докторын оюутнуудыг хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсролын салбартай холбоотой гомдлыг 1800-1001 дугаараар холбогдож өгөх хэрэгтэй” гэлээ.