Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндэрч, улмаар өнгөрсөн жилээс өнөө хүртэл эрс доройтоод байгаа талаар эдийн засагч, улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагаар өдөр шөнөгүй мэдээлж байгаа.

Иргэд ч энэ тал дээр ихэд бухимдалтай байгаа нь ажиглагдаж буй. Нойтон мах, өндөг тэргүүтэн тансаг хэрэглээнд тооцогдож малын дотор махаар хоногийн хоолоо залгуулж байгаа нь гашуун үнэн. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, наймаачид сул зогсолт хийж байна.

 

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдрийн байдлаар 1825 –д хүрч  үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж эхэллээ. Дээрээ суудлаа олохгүй,талцан хэрэлдэж байх зуурт доодсууд гэгдэх  ард түмэн гүйдлээ олохгүй нь мэдээж.

 

Ийнхүү дээр дооргүй бужигнаж байгааг гэнэт ухаарсан аятай Шинэчлэлийн Засгийн газар “Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног” төслийг боловсруулан батлаад байгаа. Мэдээж  энэхүү ажлын тоолуур өнгөрсөн долоо хоногоос гүйж эхэлсэн. 

 

Гэвч эрхэм түшээдийн санаачилсан уг ажлыг учир мэдэх хүмүүс “үлгэр болно” хэмээн ёжлон хэлэх юм.  Нээрээ ч хоёр жилийн дотор сэхээгүй эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлээд хөл дээр  нь босгоно гэдэгт итгэх хүн ховор. Одоо нэгэнт л баталж хэрэгжүүлэхээр болсноос хойш 100 хоногийн дараа гарах  үр дүнг харах л үлдэж байх шиг. Хэрэв  ямар нэг үр дүн гарахгүй бол Засгийн газар хэрхэхийг мэдэх болно хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат хэлснийг санаж байна.  

 

Тэгвэл эдийн засгийн хямрал  та бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа  болон  “Эдийн засгийг эрчимжүүлэх 100” хоногийн талаар иргэд ямар бодолтой байгааг сонирхлоо.

 

 

              СХД-ийн дүүргийн иргэн Б.Баярбат: Барилгын материал авах хүн бараг алга

 

-          Эдийн засгийн хямрал таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-          Хоёр идэхгүй хоосон хонохгүй л байна даа. Биднээс хэцүү амьдралтай хүмүүст илүү хүнд тусч байгаа нь мэдээж шүү дээ. Валютийн ханш өдөр ирэх тусам нэмэгдэх юм. Хэдэн сарын өмнө доллар юань өсч байгааг хараад иргэд бухимддаг байсан бол одоо бүр дөчирч дээ. Тэглээ гээд ард түмнээ орхиж болохүй санагдана.

 

-          ЗГ-аас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөг боловсруулан ажиллаж байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна.

 

-          Үнэхээр эдийн засгаа эрчимжүүлье, ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулъя гэж байгаа бол мэдээж нааштай л ажил санагдсан. Гэхдээ 100 хоног гэснийг нь сайн ойлгохгүй байгаа юм. Арай л багадах юм шигээ. Харж л байхаас өөр яахав. Үнэхээр эдийн засаг сэргээд ирвэл та бидний амьдралд л хэрэгтэй шүү дээ.

 

-           Та  барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг юм байна. Иргэдийн худалдан авах чадвар ер нь хэр байна?

 

-           Одоо уг нь барилгын сезон эхэлж байгаа. Гэтэл урд урдны жилүүдээс иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан байна. Худалч хүнд ганц лааз будаг зарах гэж  энд сууж байх шиг  байна.

 

 

 

                              Багануур дүүргийн иргэн Л.Долгормаа:  Ард түмнээ бодох цаг ирсэн шүү

 

 

-          Засгийн газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Энэ талаарх таны байр суурийг сонсъё.

 

-          Миний байр суурь тэр хэдэн нөхдөд хамаагүй биздээ. Хүссэнээрээ ажиллаж хүссэн шийдвэрээ гаргадаг хүмүүс шүү дээ. Иргэн хүний хувьд  саналаа хэлэхэд 100 хоног хэзээ мөдгүй л дуусах байх. Гэхдээ эрчимтэй тууштай ажиллаж чадвал болохгүй гэсэн зүйл байхгүй л баймаар санагдаж байлаа.

 

-           Танай гэр бүлийн өрхийн орлого  хэрэгцээнд тань хүрэлцэж байгаа юу?

-          Хүргэхийн тулд хичээж л байгаа даа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ өдрүүдэд урд хормойгоороо хойд хормойгоо л нөхөж байна. Тэглээ гээд хөдлөхөгүй суугаад байлтай нь биш. Хүн бүр өөрт оногдсон ажлаа хийж байвал болох нь тэр. Гэхдээ ард түмнээ одоо бас бодох цаг ирсэн шүү гэж хэлмээр байна.

Б.Цацрал