Цагдаагийн алба хаагч мансуурах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй зураг олон нийтийн сүлжээнд тараад буй.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө.

ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа “Цахим орчин цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг нийтлэгдсэн. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.М нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлж, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Иймд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг асуудалд холбогдсон алба хаагчийг албанаас халах шийдвэрийг гаргасан. Бид цаашид мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн явуулах болно” гэв.