“Ану хатан” –аар үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшн дараагийн киногоо нээхэд бэлэн болжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдвэлэн зохиолыг нь бичсэн энэ кино нь адал явдалт, драм төрлийн кино ажээ.  5-р сарын 21-ний лхагва гаригт нээлтээ хийх “Улаан пальто” киноны гол дүрүүдэд МУСТА О.Долгор, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө, ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэгийн гэргий жүжигчин О.Байгаль нарын сайхан бүсгүйчүүд тоглосон нь дүр сонголтын хувьд  сонирхол татаж байгаа юм. Эх үрийн нандин холбоо, хүнлэг нандин сэтгэл, хүний сүнс төрөл сэлгэн эргэн төрдөг тухай өвөрмөц сэдэвтэй “Улаан пальто” кино аз жаргалтай төгсгөлтэй, хүүхдийн эрхийг хөндсөн зэргээрээ гэр бүлээрээ үзэх кино болсон ажээ.

“Улаан пальто”-ны хөгжмийг гитарчин Өөжгий бюу Д.Өлзий –Орших бичсэн бол киноны гол дүр Номин охины дуулдаг “Би хүүхэлдэй” дууны хоолойн бичлэг нь дуучин Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнийн дуулснаар хийгджээ. Харин зураглаачаар “Аравт” кинонд ажилласан МУСТА С.Баттулга ажилласан байна.

Гэр бүлтэй болж, хүү төрүүлснээсаа хойш зургаан жил дэлгэцийн бүтээлд тоглоогүй Т.Өөдөө энэ кинонд  тоглохдоо бие давхар байсан гэнэ. О.Байгалийн хувьд  хамгийн сүүлд “Догшин хутагтын сахиус” кинонд тоглосноос хойш 16 жил дэлгэцийн бүтээлээс завсарлага аваад байжээ.