МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг төв талбай дээр зохион байгуулаад хэд хонож байна. Тэрбээр эрх баригч намынхны үйл ажиллагааг шүүмжилж   УИХ, Засгийн газрыг нэн яаралтай тарах ёстой гэж үзэн шаардлага хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл С.Жавхлангийн энэхүү жагсаалыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шүүмжилж С.Жавхланг “Рио Тинто”-гийн гар хөл болж байна гэж зарлалаа. Тодруулбал тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Оюутолгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”-той  хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ мөн төв талбай дээр жагсаал хийж буй С.Жавхланг эх орноосоо урваж “Рио Тинто”-д үйлчилж буй мэтээр тайлбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Чухал хэлэлцээр хийж буй Засгийн газраа ямар нэгэн шалтгаангүйгээр тар, огцор гэж шаардаж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна. Жагсаж байгаа, цуглаж байгаа хүмүүс нь хилээ хаагаад 200 бойнг онгоц нисгээд аялал жуулчлалаар бид сайхан амьдарна гэх мэт сөрөг мэдээлэл өгч байна. Засгийн газрын өнөөгийн хэлэлцээр хоёр талаасаа шахалттай, эрч хүчтэй явж байхад энэ эрч хүчийг бууруулах гэсэн оролдлогууд гарч байгаад Засгийн газраас томилогдож ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд туйлын их харамсаж байна.

Уг нь талбай дээр “Рио Тинто”-той хийсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гээд С.Ганбаатар гишүүн шиг жагсаж байвал эх оронч үнэр үнэртэнэ. Тэрнээс биш яг хэлэлцээр хийгээд хөрөнгө оруулагч тал бидэнд элдэв төрлийн шахалт үзүүлж бид ч бас улс төрийн шахалт үзүүлж байгаа энэ үед ямар ч шалтгаангүйгээр Засгийн газар, УИХ-ыг тар гэж шаардаж байгаа нь эх оронч үйлдэл хэрхэвч биш гэж ойлгож байна” гэв.