Монгол Улс наймдугаар сарын 16-наас коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Одоогоор нийт иргэдийн 30 гаруй хувь нь хамрагдаад байгаа юм.

Гэвч 18-25 насны залуучууд идэвхгүй байгаа тул өчигдрөөс их дээд сургуульд вакцинжуулалтын явуулын цэг ажиллуулж эхэлсэн байна.

МУИС-ийн оюутнууд вакцинд хамрагдаж байгаа үйл явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.11.19/ танилцлаа.

Энэ үед тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Гуравдугаар тунд манай залуучууд хамгийн идэвхгүй оролцож байна. Гуравдугаар тун бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш эдийн засаг нийгмийн харилцаанд туйлын чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд бүгдээрээ гуравдугаар тундаа хамрагдаад эдийн засгаа алхам алхмаар нээе гэж уриалмаар байна.

АНУ бага насны хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Бид өнгөрсөн долоо хоног НҮБ-ийн төлөөлөлтэй уулзаж, саналаа тавьсан. Баг насны хүүхдийг вакцинжуулах асуудлаар ДЭМБ-ын саналыг үндэслэнэ. Зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулж байж дахин давлагаа үүсэхгүй байх магадлалтай.

КОВИД-19 халдвар цаашид жилд нэг удаа вакцин тариулдаг, амь насанд аюултай биш өөрийгөө хамгаалдаг онцлогтой амьдралын хэмнэл рүү бид орох нь. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам хил хязгаар нээгдэнэ. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам дэглэм суларч, иргэд аж ахуй нэгжид тустай байх болно. Монголын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд бүрдүүлж байгаа. Иймд оюутнуудын идэвх маш чухал юм.