“Шарк танк” нэвтрүүлгээр өөрийн бүтээсэн үнэртэй усаа танилцуулж олны анхаарлыг татсан үнэртэн зохион бүтээгч Б.Ану-Үжинтэй ярилцлаа.

-Хүний үнэрлэхүйн мэдрэмж, таашаалд нийцүүлнэ гэдэг нарийн мэдрэмж шаардсан ажил учраас туршлага, мэдлэг шаардана. Тэгэхээр үнэртэн зохион бүтээх чиглэлээр сурсан уу?

 

- Отгонтэнгэр их сургуулийг 2015 онд Олон улсын худалдааны менежер чиглэлээр төгсөж үргэлжлүүлэн АНУ-д магистрын зэргээ хамгаалсан. Оюутан байх үедээ өөрийн сонирхлоор ванны бөмбөлөг, саван хийж зардаг байлаа. Тиймээс АНУ-д сурч байхдаа үнэртэн бүтээх мэргэшүүлэх сургалтад суусан. Одоогоор үнэртэй ус зохион бүтээгч гэж өөрийгөө хэлэхгүй. Учир нь энэ мэргэжлээр таван жил суралцдаг, олон жилийн туршлага, хөдөлмөр шаарддаг. Үнэртэнд дурласан сонирхлоо цаашид бизнес болгон хөгжүүлэх зорилготой учраас дахин хэд хэдэн мэргэшүүлэх сургалтад суухаар төлөвлөж байгаа.

 

-Хэдэн төрлийн үнэртэй ус гаргасан бэ. Бүтээсэн түүхээсээ хуваалцвал?

 

-Үнэртэй ус бүтээх мэргэшүүлэх сургалтад суусан цагаасаа өөрийн үнэртэнг бүтээхээр тууштай ажилласан. Ингээд нэг жил зургаан сарын хугацаанд өөрийн хүссэн үнэртэй усаа гаргаж авахаар ажилласны эцэст 2018 оны арванхоёрдугаар сард хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болсон. Одоогоор нэг төрлийн хоёр өөр сав баглаа, боодолтой ус гаргаад байна. Учир нь хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааны үр дүнг харгалзан цагаан, ягаан савлагаатайгаар гаргасан. Тухайлбал, Монголчууд чамин зүйлд дуртай учрас цагаан савтайг нь Монголд, ягаан савтайг нь Америкт борлуулж байна.

 

-Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа хийсэн юм байна. Монгол эмэгтэйчүүдэд ихэвчлэн ямар үнэртэй ус таалагддаг бол?

 

-Таван насны үечлэлээр насны ангилал бүрд 100 эмэгтэйгээс судалгаа авсан. Энэ нь Монголын нийт эмэгтэйчүүдийн таалагддаг үнэртэнг тодорхойлж чадахгүй ч судалгаагаар цэцэгний зөөлөн үнэртэй усанд дуртай гэсэн үр дүн гарсан. Тухайлбал, цэцэгсийн хүлэмжинд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц үнэртэй ус. Ялангуяа, 18-34 насны эмэгтэйчүүдэд даруухан үнэртэй ус таалагддаг гэсэн бол 35-49 насныханд хурц үнэртэй ус таалагддаг гэсэн хариулт өгсөн. Гэхдээ нэг төрлийн үнэртэй усыг хоёр хүн түрхэхэд арьсан дээрх тослог, шингээж авах байдлаас нь шалтгаалж өөр үнэртдэг. Тэгэхээр нэг үнэртэй ус хүн бүрд таалагдах боломжгүй.

 

 

Үнэртэй усны хамгийн гол онцлог нь нэг таалагдсан бол насан туршдаа тэр үнэрт татагддагт оршино. Тархинд кодлогддог гэсэн үг. Тэгэхээр үнэртэй ус тухайн хүний дотоод ертөнцийг илэрхийлж, бусад хүмүүс тэр хүнийг үнэрээр нь тархиндаа хадгалдаг.

 

 

 

-Бэлэн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж шошго наагаад Монгол брэнд гэж борлуулж байна гэсэн шүүмжлэл олны дунд байдаг. Ялангуяа үнэртэй ус гэхээр хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Гар аргаар бүтээсэн үнэртэй усыг химийн үйлдвэрт өгч зайлшгүй нэмэлт химийн орцуудыг нэмэх шаардлагатай байдаг. Тэгэхээр би өөрийнхөө үнэртэй усны үндсэн найрлагаар дурын үйлдвэрт үйлдвэрлүүлэх боломжтой гэсэн үг юм. Би үнэртэй усаа туршилтын журмаар 100 ширхгийг Монголд борлуулсан. Хэрэглэгчид өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа. Нэгдүгээрт, монгол эмэгтэй бүтээсэн гэдэг утгаараа, хоёрдугаарт, бүтээгдэхүүний чанар, нэр таалагдсан. Үнэртэй усны нэр “Your truly” буюу чин сэтгэлээсээ хүндэтгэсэн, “by ujin” нь миний нэр хэдий ч үжин гэдэг нь хатны нэр учраас нийлээд “Монгол хатнаас танд зориулав” гэсэн утгыг илэрхийлж буй. Дараагийн шинэ үнэртэй ус, багц бүтээгдэхүүн худалдаанд гарахыг хүлээж байгаагаа илэрхийлсээр байгаа. Түүнчлэн эрэгтэй ус гаргах талаар эрчүүд асуусан. Мэдээж эмэгтэй, эрэгтэй шинэ үнэртэй ус, багц бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа.

 

-Үнэртэй ус арьсан дээр түрхэгддэг учир эрүүл ахуйн өндөр шаардлага хангах ёстой. Бүтээгдэхүүнээ шинжлүүлсэн үү?

 

-АНУ-ын хүнс, аюулгүй байдлын холбоонд үнэртэй усны түүхий эдээ шинжлүүлж хүний биед аюулгүй, сөрөг нөлөөгүй гэсэн үр дүн гарсан.

 

-Таны үнэртэй усны гол онцлог, ялгарах шинж юу вэ?

 

-Үнэртэй усны хамгийн их ордог найрлага нь спирт. Харин миний үнэртэй ус спиртийн агууламж бага учраас хүний биед сөрөг нөлөө үзүүлэх чанар нь бага. Ялангуяа мэдрэмтгий хүмүүст спиртийн найрлага их байх нь илүү нөлөөлдөг.

 

 

Спирт бага, амин тос их байдаг нь манай үнэртэй усны гол онцлог.

 

 

-Үнэртэй ус бүтээх технологиос танилцуулвал?

 

-Үнэртэй усны үндэс суурь нь амин тос. Тухайлбал, авакода, жожоба тосыг амин тостой хольж цэвэр шингэнийг нь ялгаж авна. Ганцхан дусал тосноос үнэр өөрчлөгддөг учраас торгон мэдрэмж, олон удаагийн туршилт шаарддаг. Спиртийн хэмжээ өндөр байх тусам үнэртэй ус удаан тогтоцтой байна. Спирт их орвол амин тос нь их байна гэсэн үг. Миний үнэртэй ус “pаrfum” төрлийнх. Энэ нь спирт, амин тосны найрлага их, удаан тогтоцтой. Тэгэхээр миний үнэртэй усны спиртийн найрлага бага учраас тосны хэмжээгээ давамгайлуулсан гэдгээрээ онцлог. Үнэртэй усанд үндэс, дунд, суурь нот гэж бий. Нотонд орж тохирох зохицлыг харгалзан амин тосыг хольдог. Үнэртэй усыг хамгийн эхэнд үнэртэхэд толгой нот нь үнэртэнэ. Эхлээд цацахад хурц үнэртэй мэт боловч үнэр шингээд дунд, суурь нот нь үнэртдэг. Тэгэхээр үнэртэй ус худалдан авахдаа эхэлж цацаад үндсэн нотоо үнэртээд 30 минутын дараа суурь нотоо үнэртэж үзээд усаа худалдан авбал зөв сонголт хийж чадна. Мөн үнэртэй ус бүтээхдээ маш олон удаа үнэртэж, туршдаг байсан учраас тэр олон үнэрт төөрчихдөг байсан. Энэ үедээ кофены үнэр үнэртэж ялгадаг. Хэрэв үнэртэй ус худалдан авахдаа олон удаа үнэртээд, түүндээ төөрч байвал кофены үнэр үнэртэж байхыг зөвлөе. 

 

-Үнэртэй усны шинэ трэнд юу байна?

 

-Хоёр талдаа хоёр өөр үнэртэй ус цацах шинэ трэнд гарсан. Энэ нь өвөрмөц, дахин давтагдашгүй үнэрийг бүтээдэг. Үнэртэй ус тухайн хүний ертөнцийг илэрхийлж байдгийг дээр дурдсан. Нийтэд таалагддаг үнэртэй усыг цацаж бусадтай ижилхэн байх биш зөвхөн тухайн хүнийг л илэрхийлэх өвөрмөц үнэрийг бүтээх хэрэгтэй. Мөн дахин давтагдашгүй үнэр түгээхийг хүсвэл биеийн тосон дээрээ үнэртэй усаа цацаж болно.

 

-Бизнесийн төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

 

-“Шарк танк” нэвтрүүлэгт оролцож 27 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Зөвхөн энэ хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй. Олон боломжууд нээгдсэн учраас импортыг орлох үндэсний үнэртэй усны брэндийг хөгжүүлж ажиллахаар зорьж байна. Ойрын хугацааны төлөвлөгөөгөөр хуурай үнэртүүлэгч гаргахаар ажиллаж байгаа. Үнэртүүлэгчийг хувцасны шүүгээ, цүнх, ном, машин, өрөөндөө тавьж сайхан үнэрийг түгээж болно. Хоёр төрлийн үнэртэй. Түүнчлэн ирэх онд дараагийн шинэ үнэртэй усны багцаа гаргахаар ажиллаж байна. Үүнд биеийн тос, шингэн саван, үнэртэй ус багтана. Харин ирэх таван жилдээ үнэртний үйлдвэртэй болохоор зорьж байгаа. Үйлдвэртэй болчихвол Монголын брэнд болсон Чацаргана, Халгай, Цагаан-Уул цэцэгнээс тос гарган авч үнэртэй ус бүтээх зорилготой.

 

 

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин