Б.ЛХАГВА

 БНСУ-ын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нь нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг монголчуудыг цочирдуулсан.

Тус болсон явдалтай холбоотойгоор үнэн худлаа мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан байна. Зарим нь хүмүүсийн анхаарлыг татахын тулд “дэвэргэж”, хохирогч охины нэр дээр хүртэл хандив цуглуулж эхэлжээ. Энэ талаар Солонгос улсад амьдардаг “Zolboo TV”-ийг хөтлөгч С.Золбоо “Youtube” сувгаараа дамжуулж хэд хэдэн асуудалд тайлбар өглөө. Тэрээр 2019 оноос эхлэн Монголд Солонгос улсын соёлыг танилцуулж, тухайн оронд ажиллаж амьдрах хүсэлтэй залууст зөвлөгөө мэдээлэл түгээж, өөрийн суралцсан туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Энэ удаа тэрээр хэрэг явдлын тухай баримт, хохирогчид тохиолдсон явдлын талаар үнэнийг дэлгэж, охины гэр бүлд туслахаар хичээж буй аж.  Дээрх хэрэгт Солонгосын дийлэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал хандуулсан байна. Гэхдээ тухайн орны сэтгүүлчид анх мэдээллийг олон нийтэд цацаагүй аж. Охин өөрийгөө хохирогч хэмээн цагдаагийн байгууллагаар явсан ч шийдүүлж чадаагүй тул  охины ээж БНСУ дахь “Монгол нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Н.Аззаяатай холбогджээ. Н.Аззаяа сэтгүүлчдэд хандсанаар охиныг хүчирхийлсэн хэрэг ил тод болсон аж.

С.Золбоо болсон явдлын талаар  “Солонгосчуудын бич­сэн 5000 сэтгэгдлийг гүйлгэн уншихад нэг нь ч Монгол охиныг буруутгасан зүйл ажиг­лаг­­­даагүй. Харин ч дээд ангийнх нь дөрвөн охины буруу. Манай улс хууль дүрмээ шинэчлэх хэрэгтэй, насанд хүрээгүй гэж хэрэг үйлдсэн хүүх­дэд хуулийн хариуцлага тооцохгүй байх хуулиа өөрчилье.Хохирогч охинд ямар хэцүү байсан бол” хэмээж зарим иргэн нь манай улсаас уучлалт гуйсан байна гэв. Бүр цаашлаад хэрэг үйлдсэн дөрвөн охины эцэг эхчүүдтэй хариуцлага тооцох ёстой. Тэд ямар хүмүүс болоод, хүүхдүүдээ ийм хэрэг үйлдэх хүртэл гаргууд нь хаяв гэх зэргээр хэргийг үнэн зөв шийдэхийг хүсжээ. Үүнээс үзвэл бүх солонгосчуудыг муу хүн мэтээр харж, хэргийг улам сэвэх нь асуудалтай. Түүнчлэн фэйсбүүк хуудсаар иргэд бухимдлаа илэрхийлж нийт Солонгосчуудыг буруутгаж, манай улсад ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийг зодно, сүлжээ дэлгүүрүүдийг нь хаана гэх мэтээр аашлах нь буруу мэдээлэл газар авсны илрэл юм. Цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгийг барьсан хэрэгтэй холбож харуулснаар өөрсдийн булхайг дахин дэлгэж буйн илрэл. Үүнийг хөтлөгч залуу “Хүмүүжилгүй дөрвөн хүүхдийн хийсэн хэргийг Үндсэн хуулийн цэцийн даргын ёс зүйгүй үйлдэлтэй хамааруулж, тухайн ичгүүртэй хэргийг дахин сөхөхгүй байх. Монголчууд Солонгосын Элчин сайдын яамны өмнө очиж жагсаал хийж, сэтгүүлчдийн нүдэн дээр яамны хүнтэй зүй бус харилцсан нь эвгүй санагдсан. Монголд байгаа Солонгосын Элчин сайд уучлалт гуйх биш, Солонгост байгаа охины хэргийг анх хүлээж авсан цагдаа нь уучлалт гуйх ёстой” хэмээв.

Арванхоёрдугаар сарын 3-нд Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд хэсэг залуус уучлалт гуйхыг шаардсан бичиг хүргүүлсэн. Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ким Чол Сан “БНСУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жил өнгөрчээ. Түүхэн хугацаанд хоёр улс найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэ үед харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон Элчин сайдын яамны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Манай ЭСЯ нь уг хэргийг шийдвэрлэх явцын талаар цаашид үргэлжлүүлэн анхааралтай ажиглах бөгөөд БНСУ-ын холбогдох хуулийн дагуу нэн даруй, шударгаар шалгаж, тогтооно хэмээн найдаж байна. Манай улсын Засгийн газар энэ хэргийг шуурхай, шударгаар, нэн даруй шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллах болно. Үүний дүнг БНСУ-ын Гадаад харилцааны яаманд цаг алдалгүй албан ёсоор мэдээлнэ. Мөн манай ЭСЯ нь Монгол Улсад сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд үүсээд буй нөхцөл байдал болон Монгол Улсын Гадаад харилцаа яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, ярилцсан. Одоогийн байдлаар Солонгост Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байна. Эдгээрийн хүний ажиллаж амьдарч байгаа нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, цаашид нааштай хөгжин дэвшихэд маш чухал үүрэгтэй юм. Энэхүү суурин дээр тулгуурлаж хоёр улсын иргэд төдийгүй, Засгийн газрын түвшинд найрсаг харилцаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

 “Zolboo TV”-ийн хөтлөгч С.Золбоо “Фэйсбүүкээр нүүр, нүд нь бүлцийж, хавдсан охины зураг тарсан. Зураг дээрх охин дээрх хэргийн хохирогч биш. Харин 2017 оны долоодугаар сарын 17-нд насанд хүрээгүй Солонгос охид нийлж, 17 настай Солонгос охиныг есөн цаг зодсон. Зураг нь тэр үйл явдлын хохирогч болсон охины зураг юм. Дөрвөн жилийн өмнө гарсан уг хэрэг нь энэ хэрэгтэй огт хамаагүй” гээд “Харж хандах эцэг эх нь эзгүй, хүмүүжилгүй дөрвөн охины гэрт Монгол охин очоогүй байсан ч өөр нэг Солонгос охин очиж хохирогч болохыг үгүйсгэхгүй. Тиймээс тус улс зөвхөн Монголчуудыг дээрэлхэж, хүүхдүүдийг нь нийтээр гадуурхаад байгаа юм биш. Бидний нэгдэж байгаа гол шалтгаан хувь хүн хоорондын маргаан биш. Харин цагдаагийн хэлтэс болон хуулийн өмнө очоод ялгаварлан гадуурхалтад өртөөд буй гадаад иргэдийн асуудал” гэж онцолж хэллээ.  Тодруулбал, өмнө нь БНСУ-ын Инчеоны Бүпён дүүрэгт буудалд ажиллаж байсан эмэгтэйг захирал нь хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан. Инчеоны Бүпён дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид манай улсын иргэнийг хууль бусаар оршин сууж байсан гэдэг ганцхан шалтгаанаар ялгаварлан гадуурхаж шууд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар руу шилжүүлсэн. Энэ удаа ч гэсэн 13 настай охины өргөдлийг авсан цагдаа мөн хэргийг нотлох баримтгүй гэсэн шалтгаанаар хаасан ажээ. Хожим дээрэлхсэн охид хохирогч охины бичлэгийг 5000 воноор зарснаар хэргийн нотлох баримт гарч ирсэн байна.

Солонгос улсад нэг өмгөөлөгч авахад багадаа 7 - 10 сая төгрөгийн хооронд байдаг аж. Хохирогч охины ээж нь бие давхар, гурван хүүхэдтэй аав нь ганцаараа ажил хийдэг байна. Тиймээс тэдэнд өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй байгаа талаар эх сурвалж мэдээллэв. Иймд “Zolboo TV”, БНСУ дахь “Монгол нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Н.Аззаяа нар хамтран хандив цуглуулж эхэлсэн байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН