КОВИД-19 цар тахал, томуу болон томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн улирлын сүүлийн долоо хоногийг цахимд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Мөн цэцэрлэгийг энэ сарын 10-наас эхлэн түр хугацаанд хааж магадгүй нөхцөл үүсэж байгааг салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх учиртай юм.

Тус мэдээлэл гарсны дараагаар олон нийт цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах гэж байгааг эсэргүүцсээр байгаа. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өөр ямар нэг хувилбар гаргах боломжтой эсэхийг тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох гурван шаардлага бий.

  1. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах оролцоо бага байна. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь гэр бүлийн орчноосоо гараад байгаа. Иймд асран хамгаалагч нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлага байна.
  2. Томуугийн дэгдэлт эхэлж байна. Энэ жил томуугийн вирус мутацлагдаж, шууд хатгалгаа болж хүндэрч байгаа учраас дэгдэлтийн нэг сарын хугацаанд түр зогсоох нь зүйтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн өвчлөл өмнөх сараас 10 хувиар өссөн, эмнэлгийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн байгаа. 
  3. Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Есдүгээр сарын 1-нээс 4-5 настнуудыг авахад ирц 50-60 хувьтай байгаа. Энэ ирц дахин унах эрсдэлтэй" гэсэн юм.

Иймд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн хүүхдээ харах боломжгүй эцэг, эхчүүд хүүхдээ өгөх шаардлагатай болбол дундын буюу холимог ангийг нээх шаардлага үүсэж магадгүй. Бүгдийг нь 100 хувь хаана гэсэн үг биш. Хэрэв ингэвэл хувийн цэцэрлэгүүд ажиллах боломжтой" гэлээ.