Монголчуудын олон зуун жилийн уламжлалтай үндэсний баяр болох Цагаан сар шинийн нэгэн хэзээ тохиох талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Доктор, профессор, Зурхай судлаач Л. Тэрбишээс тодруулав.

-Цагаан сарын баярыг "Төгсбуянт" шинэ зурхайн билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Энэ жил XVII жарны "Цөөвөр” хэмээх "Төмөр үхэр" жилийн өвлийн адаг сарын битүүн 2022 оны хоёрдугаар сарын 1-ний мягмар гарагт болно. XVII жарны Усан барс жилийн Цагаан сарын ШИНИЙН НЭГЭН 2022 оны хоёрдугаар сарын 2-ны лхагва гарагт тохионо гэв.

Монголчууд 200 гаруй жил Манжийн Чин улсын харьяанд явахдаа Шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байжээ. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, 8-р Богд Жавзандамба хутагт хааны зарлигаар Төгс буянтын зурхайг буцаан хэрэглэх болсон байна.

Төгсбуянт зурхайн тооллоор дээрх өдрүүдэд тэмдэглэнэ.

"Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д зааснаар Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна. Энэ өдрүүд нь ирэх оны хоёрдугаар сарын 2, 3, 4-ний лхагва, пүрэв, баасан гарагт тохиож байна. Тиймээс бямба, ням гарагийг оруулаад нийт тав хоног бүх нийтээрээ амрах юм байна.