УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаа, хууль дээр ажиллаж байгаа талаар твиттер хуудастаа жиргэжээ.

 Авто замын түгжрэлийг бууруулах хэд хэдэн хувилбарыг Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцсэн. Тодруулбал,

  • Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах,
  • Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх,
  • Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
  • Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
  • Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох,
  • Шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох,
  • Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
  • Эдгээр арга хэмжээний үр дүнд авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна хэмээн үзэж байгаа аж.  

"Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар иргэдээс санал авна"

Уг асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар "Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн талаар иргэдээс санал авна. Эцсийн шийдвэр гараагүй. Иргэдийн хэдэн хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэдэн оноос хойш нийслэлийн авто замаар зорчуулахгүй байх вэ гэж үзэх нь нийслэлийн баримтлах бодлого байх болно.

Улаанбаатар хотын түгжрэл амаргүй байгаа. Жил бүр 70-80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Жилд хүн ам 31 мянгаар нэмэгддэг. Хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн нэмэгдлийг зохицуулах нь зүй ёсны асуудал, гэхдээ иргэдээсээ асууна" хэмээн байр сууриа илэрхийлээд буй.