Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлж, хамтлагийнхаа нэрийг тунхагласан “хөвгүүд”-ийн хамтлаг бол “Камертон”. Тэд өөрсдийн залгамж халаагаа бэлдэж, шинэлэг өнгө, аясыг рок поп урлагт төрүүлэх зорилго өвөртлөн “Камертон-2” шоуг зохион байгуулсан билээ. Энэхүү шоунаас одоогийн “Бид-4” хамтлагийн гишүүд ялагч болон үеийн залуусаа манлайлсан гэдгийг уншигч авхай та санаж буй.

“Амьдралын хэв маяг” буландаа тус хамтлагийн ахлагч Батсүхийн Замбалгарыг урьлаа.

-“Камертон-2” шоуны ялагч гэдгээр нь уншигчид таныг танина. Б.Замбалгарав өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулбал?

-Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.  Бага нас, сурагч нас маань тэнд  өнгөрсөн.  2004 онд СУИС-д элсэн орж  2009 онд  гоцлол дуулаачийн мэргэжлээр төгссөн. 2011 оноос Отгонтэнгэр их сургуульд  бизнесийн эрх зүйн ангид сурч байгаа.

-Бага насны мөрөөдлийнхөө талаар эргэн дурсвал?

-Хүүхдүүд бүүр бага байхдаа би дарга болно, би сансарын нисгэгч болно гээд л ярьдаг ш дээ. Миний хувьд бүүр багадаа цэргийн хүн болно гэж боддог байлаа. Багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан. Одоо ч сонирхоно, тэгээд жоохон томроод жинхэнэ хүсэл тэмүүлэлээ олсон тэр маань энэ, одоо бага багаар биелүүлээд л түүнийхээ төлөө явж байна. Анх тавдугаар ангидаа дуу хөгжмийн багшдаа  шалгуулахад намайг гоцлол дуулж чадахааргүй юм байна гээд найрал дуунд зогсоосон юм. Шарандаа тэр жилдээ дуу "нухсаар" байгаад дараа жил нь сургуулийнхаа урлагийн үзлэгт анх удаа гоцлол дуугаар орж 2-р байр эзэлж байсан.

Ер нь хичээлдээ их сайн хүүхэд байсан гэх үү дээ. Манай аав ээж хоёр хичээл номын мөр хөөсөн хүмүүс. Ээж маань алгебрийн багш, банк санхүүгийн мэргэжилтэй, аав маань эмч мэргэжилтэй. Аав, ээж хоёр намайг  эмч эсвэл санхүүгийн мэргэжилтэй болгоно гэж ярьдаг байсан.  Манай удамд урлагийн хүн байхгүй ч аав, ээж хоёр маань их гоё дуулдаг.

Намайг урлагийн хүн болно гэхэд их дургүйцсэн. Зургадугаар ангидаа өөр сургуульд орж 7-р ангид байхад манай дуу хөгжмийн багш “Би эстрадын дуучин” тэмцээнд ор гэлээ. Авъяастай олон хүүхдүүд орж байсан ч би түрүүлчихсэн ш дээ их баярлаж урам авсан /инээв/. Үүнээс хойш “Эстрадын дуучин” тэмцээнд 8,9,10-р ангидаа бас түрүүлсэн. Ер нь бол анх  Камертон хамтлагийг сонссон цагаасаа эхлэн хамтлагаар дуулах хусэл мөрөөдөлтэй болж тэрнийхээ төлөө зүтгэсэн .  7-р ангидаа багынхаа найзтай хамтраад хамтлагтай болж байлаа.

-Аав ээжийн эсэргүүцлийг хэрхэн даван гарав?

-Миний хувьд тэр бол хамгийн хэцүү даваа байсан. Үгнээс нь гардаггүй, хичээлдээ сайн, айлын  том хүүхэд болохоор хамаг хариуцлага над дээр ирнэ. Аав ээжийн үгнээс зөрөхөд хамгийн хэцүү байсан л даа. Хэдийгээр надтай нээлттэй ярилцдаг байсан ч гэсэн дуулахыг маань тас хорьдог, авч хэлэлцдэггүй. Би тэмцээн уралдаан, тоглолтонд нууцаар оролцоно. Хичээлээ тарж ирээд гэрийнхээ бүх ажлыг хийчихээд, гарч хэдэн минут тоглох юм уу эсвэл секцэндээ явлаа гэж хэлээд гэрийнхээ хувцастай гарна. Гарахаасаа өмнө тоглолтынхоо хувцасыг цонхоор найз руугаа шидчихнэ. Тэгээд л хувцасаа солиод л тоглолтонд оролцдог байсан.

Наймдугаар ангиас л ингээд хорьчихсон байсан юмаа. Нэг удаа хичээлээ хийгээд сууж байтал аав орж ирээд “ Чи болохоо байлаа. Хичээлээ хийх юм уу. Дуу хуураа хөөх юм уу. Дуу хуураа хөөвөл би чамайг дэмжиж чадахгүй. Наад замыг чинь би мэдэхгүй. Аан харийн хичээл номоо хөөнө гэвэл аав нь мэдэх болохоор бүх юмаар чинь дэмжинэ, тусална” гэсэн. Тэгэхэд 15-хан настай байсан дотроо ч аймаар зодуулах байх бодож байлаа. Тэр үед шүдээ зууж байгаад л дуу хуураа хөөнө гэж хэлэхэд аавынхаа гарын амтыг нэг сайн амссан. Би тэр үед аавд хэлээгүй байсан бол СУИС-д ороод, одоо ингээд явахгүй байх байсан . Намайг номын төрхтэй, хичээл номдоо дуртай хүүхэд байсан болохоор урлагаар явна гэж ерөөсөө төсөөлөөгүй байх, урам нь хугарсан. Гэхдээ аавдаа тухайн үед хэлсэндээ одоо баярладаг. Тэгэхэд шийдээгүй бол одоо ажилдаа дургүй нэг нөхөр явж байх байсан. Намайг дэмжихгүй ч гэсэн найзтайгаа торонд хувцасаа хийж гараад л тэмцээнд ороод түрүүлдэг байлаа / инээв /.

                                                        "Бид 4" хамтлаг хоолойны бэлтгэлээ хийж буй үеийн агшин

- Өөрөө би “Үхэн үхтлээ дуулна” гэж хэлж байсан удаатай?

-Хоолой хэзээ дуугарахаа болино тэр үед л дуулахаа болино. Ер нь хоолой дуугарахгүй байсан ч дотроо дуулна. /инээв/

-Дуучин мэргэжлээс гадна эрхзүйч мэргэжилтэй. Яагаад эрхзүйч мэргэжлийг сонгосон бэ?

-Хуулийн мэдлэг хүн бүрт алхам тутамд хэрэгтэй. Миний дотор нэг зорилт байдаг юм. Хэдий дуу хуураа хөөсөн ч гэсэн аав, ээжийнхээ итгэлийг алдалгүй доод тал нь гурван сургууль төгсөнө гэж боддог. Одоо энэ сургуулиа төгсөөд  дахиж өөр мэргэжлээр  сурахаар төлөвлөж байгаа. Ээжийнхээ мэргэжлээр  санхүүгээр сурна гэж төлөвлөсөн. Хүн боловсорч байх ёстой гэж боддог.  Аав ээж маань үргэлж үлгэр дуурайлал болдог. Ер нь мэргэжилтэй, мэдлэгтэй хүмүүс асуудалд хандаж байгаа нь өөр байдаг л даа.

-СУИС-ийн босгыг давсан үеийн сэтгэгдэл?

-Их гоё байдаг. СУИС-д 2004 онд аавтайгаа ирээд конкурс өгч байсан.  Авъяастай хүүхдүүд  их, эстрад дуулаачийн ангид 15 хүүхэд авдаг.  Миний орсон жил 360 гаруй хүүхэд элсэлтийн шалгалт өгөөд  25 хүүхдийг  авч байсан юм. Би шалгалт болохоос гурав хоногийн өмнө ямар ч бэлтгэлгүй ирсэн. Дуулна гэж бодоод л хүрээд ирсэн болохоос өөр зүйл бэлдээгүй. Гэтэл дуу, бүжиг, монолог, этюд гээд бүх юмыг хийлгэж шалгасан. Азаар, хүн чинь хорих тусам тэмүүлдэг шүү дээ. Ээж аавыг хорих тусам би нууцаар бэлтгэл хийдэг байсны ачаар суурь гайгүй тавигдсан юм шиг байгаа юм. Тэгээд л гурав хоногийн өмнө ямар ч бэлтгэлгүй ирчихсэн байсан чинь хоёр шаттай явна, эхний шатанд ийм, дараагийн шатанд ийм төрлөөр шалгалт авна гэдгийг дуулаад надад их хэцүү санагдаж байсан үе. Миний өрсөлдөж байгаа хүүхдүүд  2-3 сар бэлтгэл хийсэн, сургалтанд хамрагдаад бэлтгэлээ сайн хийсэн байсан. Би сургалтанд хамрагдъя гээд мэргэжлийн хүн дээр очихоор гурав хоногийн дотор яаж бэлдэх вэ дээ. Мөнгө үрэхийн л нэмэр гэсэн. Би нэг зүтгэсэн зүйлийнхээ  ард нь гар ж байж санаа амардаг  шартай зантай.  Ахынхаа  гал тогооны өрөөнд гурван өдөр, шөнө бэлдээд тэгээд ороод долоод жагссан. Тэгээд  миний өмнө зургаан хүүхэд ороход яагаад долоод жагсаж байгаа юм гэж өөртөө хэлээд их шар хөдлөж байлаа. Дараа нь улсын шалгалтаар нэгт жагсаж байж санаагаа жоохон амрааж билээ/ инээв / . 

                          

- Хөгжим бол тоглоно биз?

- Төгөлдөр хуур, гитар оролдоно. Тоглодог гэж хэлж болохгүй. Гэхдээ өөрийнхөө сонирхлоор хүссэн дуугаа тоглочихно.

- Урлагийн сургуульд өөр сургуулийн оюутан орж ирчихээд энэ тэнд дуулсан, жүжиглэсэн хүмүүс яг “галзуу” хүмүүс шиг гээд гайхаад байдаг л даа?

- Хүн хүн өөр . Номын санд орж ирчихээд та нар яагаад дугардаггүй яагаад ийм дуу султай юм бэ гээд байж болохгүй шүү дээ. Урлагийнхан нээлттэй, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Угаасаа мэргэжил нь ийм юм чинь.  Ичээд байхаар тайзан дээр гараад яаж дуулж бүжиглэж жүжиглэх юм бэ. 

-Өөрийн тань эмоци хэрхэн илэрдэг вэ?

- Ер нь бол нилээн сэтгэл хөдлөлтэй, эмоцитой шүү. Гэхдээ тэр болгон гаргаад байдаггүй.  Сэтгэл хөдлөлөө дуу дуулж байхдаа илүү их мэдэрдэг.

-"Soul mate crew” хамтлагтай байсан талаараа яриач?

-"Soul mate crew” болсон юм. Чадвартай, сайн хүүхдүүд хамтлагт маань байсан. Гэвч ихэнх нь замынхаа дундаас өөр зүйл хөөсөн. Гэхдээ багынхаа найзтайгаа  хамтлагтаа үлдээд  “Soul mate crew”  СУИС-д ороод үргэлжлүүлээд дуучин Г.Тэнүүн, би, багийн найз Э .Балжинням, манай хамтлагийн Б.Баяраа, Б.Оргил нар байсан. Бид хэд яг адилхан сонирхол, хүсэл тэмүүлэлээрээ нэгдэж байлаа. Манай хамтлагийн Б.Баяраа, Б.Оргил бид гурав чинь нэг хамтлагт байсан ш дээ. Тэгээд чанартай бүтээл хийх гээд үздэг, оролддог, хичээдэг байсан. Мөнгө, санхүү, сайн продюссер хэрэгтэй байсан болохоор нэг л болж өгөөгүй юм.  Бүх зүйл дээр нарийн тооцоолж зөв хөдлөхгүй бол болохгүй байсан үе. Яг тэр үед “Камертон-2” шоу болж гар гараа бариад шийдвэр гаргасан.

-Хамтлагаа тарааж, шоунд оролцох шийдвэр үү?

- Тийм. Хүсснээрээ юм хийх гээд болохгүй байна. Хүмүүсийн анхаарлыг татах гээд нүүрээ будаад, Солонгос стиль хөөж худлаа шоу хийх сонирхол бидэнд байгаагүй. Тэгээд шоунд оролцъя, авъяас байвал шалгарна, байхгүй бол нэг нэгээрээ уран бүтээл хийе гэж шийдээд л оролцсон чинь гурвуулаа үлдсэн. Энийг маш их аз завшаан, хувь тавилан гэж боддог. "Камертон" хамтлагийн ах нартаа баярлаад баршгүй шүү дээ.

-“Камертон-2” шоунд ялж байсан үеийнхээ догдлолоос?

-Тэр орой гайхамшигтай байсан. Ёстой гайхамшиг гэдэг шиг л санагдаж байсан. Тэмцээнийхээ дүнг сонсоод уйлаад, нулимс гараад л... Одоо бичлэг харахаар байдаг ш дээ. Тэр үеийг бодохоор гоё байдаг. Нүдний шилний доогуур нулимс урсаад л... Их баярласан. “Камертон” хамтлагийг сонсоод, шүтэж өссөн болохоор тэрхамтлагийнхаа зохиосон тэмцээнд орсон.Би чинь Д.Болдоо ахаар “өвчилж” дуунд орсон хүн шүү дээ. Д.Болдоо ах миний нэрийг хэлээд зарлахад үгээр хэлмээргүй баярлаад л шууд нулимс гоожсон. Үүнийг дагаад итгэл, хариуцлага бас их байгаа.

-Таны нэг өдрийн амьдралын хэмнэл?

-Хамтлагийн ажлын хуваарь, миний амьдралын хуваарь долоо хоногоор гаргаад явчихдаг болохоор дэс дараатай байдаг.  Хамтлагийнхаа  хуваарийг  харж байгаад л  хувийн ажлаа зохицуулна. Хоолойны бэлтгэл. Фитнессийн бэлтгэл 4-5 цаг хийдэг. Тэгээд бусад ажлуудаа зохицуулаад явна даа.

                                                                                            Багын найз Э.Балжиннямын хамт

-Амьдралыг ямар өнгөөр хардаг вэ?

Одоо нэг их сүртэй юм ярьж мэдэхгүй байна л даа . Тэгэх нас нь ч биш.  Амьдрал ярих нас болоогүй байна.  Дөнгөж хорин хэдхэн настай . Одоо л дөнгөж амьдралд хөл тавиад явж байна. Гэхдээ энэ хүртэл амьдрахад хүн бүрийн харах, хүлээж авах өнцөг өөр. Харах өнцөг зөв байх хэрэгтэй гэж боддог. Тэгж байж зөв байна.  Санаа зөв бол заяа зөв, эзэн хичээвэл заяа хичээнэ  энэ тэр гэж үг бий үүнтэй холбоотой гэж боддог. Хүн өөрөө өөдрөг, сайн сайхан зүйл бүтээн, байгуулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Амархан юм гэж хаана ч байхгүй. Өчигдөр алдсан бол өнөөдөр засна. Өнөөдөр бүтэхгүй бол маргааш болгоно л гэж боддог. Өнгөтэй харвал олон гоё өнгөтэй. Өнгөгүй харвал өнгөгүй л харагдах байх. Тиймээс болгож бүтээхийн төлөө өөдрөг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй байх. Бид залуу байна шүү дээ / инээв/.

-Ийм өөдрөг болохоор хамтлагийг ахлаж яваа байх?

-Нөгөө хэдээсээ арай түрүүлж сургуулиа төгссөн, хамтлагийн талаар бага зэрэг туршлагатай болохоор хамтлагийн ахлагчаар  сонгогдсон болов уу. Бид нар ярьж байгаад л хамтлагийн ахлагчаа сонгосон.  Хамтлагийн ахлагч байх, хувь хүнийхээ хувьд ч би одоо ч суралцаад  Д.Болдоо ахаасаа заавар зөвлөгөө аваад уран бүтээлээ хийж байна.

-Аливаа зүйлд нэр хайрлана гэдэг их учир утгатай. “Бид 4” нэрний учир?

-Анх хамтлагийнхаа нэрийг ярьж байхдаа Монгол нэр байх ёстой гэж тохиролцсон. Монгол сайхан нэрнүүд их байсан  л даа. Тэр нэрнээс өгөхөөр үндэсний язгуур урлагийн хамтлаг шиг болчих гээд байсан юм. Англи нэр угаасаа санаанд буугаагүй ээ.  Хөгжмийн хэллэг өгөх гэхээр ихэнх хамтлаг авчихсан байсан.  “Бид 4” гэдэг чинь бид дөрөв энэ шүү, бид байнга хамт байна гэсэн утгатай. Атгасан гар шиг зорилгынхоо төлөө хамтдаа бид дөрөв л зүтгэнэ. аливаа нэрний утга агуулга чанар нь авч яваа эзнээсээ шууд хамааралтай гэж боддог.

        

Нэрээ хэрхэн авч явахаа "Бид 4" харуулна даа."Бид 4"-ийг бид дөрвийн хэн нэгэнгүйгээр төсөөлөх аргагүй.

-Таны хамгийн үнэтэй зүйл?

Миний хүсэл мөрөөдөл, хамтлаг.  Бас эцэг эх, гэр бүл, найз нөхөд шүү дээ.

-Та дөрөвт муудалцах үе гардаг уу?

-Бид нар чинь нэг их айхтар хэрэлдэж муудалцаад байдаггүй, зөрчил багатай.  Зорилго нэгтэй болохоор хүндрэл бага. Ажлаасаа болоод муудалцалгүй л яахав, хэлэх үгээ өөрсдөд нь дор бүрт нь хэлчихдэг юм. Ер нь хаана ч  хамтын ажиллагаанд, эв нэгдэл, итгэлцэл нэгнээ хүндлэх сэтгэл  хэрэгтэй. Багийн ажлыг олон зүйлээс ойлгодог. Хар багын найзуудтайгаа ажилладаг. Ажил ахиад байна. Нэгнээ хүндлээд, ойлгоод явбал чадахгүй, бүтэхгүй  юм байхгүй дээ. 

Би сагс тоглох дуртай.  Миний номер нэг хобби.  Сагс мөн л багийн ажиллагаа ойлголцохгүй бол явахгүй.  Тэрэн шиг ямар ч багийн ажил итгэлцэл эв нэгдэл дээр явдаг гэж боддог .  

-Тухайн үед эсэргүүцэж байсан аав ээж нь өнөөдөр юу гэж байх юм?

-Ямар ч байсан мөрөөдлийнхөө үзүүрээс атгачихсан, биелүүлээд л явж байгаа. Одоо аав, ээж маань  хорихгүй ээ. Одоо дэмжээд л ажилдаа гарах болгонд амжилт хүсье гээд үнсдэг дээ /инээв /.

-Залуу наснаасаа биеэ зөв хайрлаж ажиллавал, өтөл насанд шантрахгүй. Амжилт хүсье гэж нэгэн ярилцлагынхан сэтгэгдлээр үлдээсэн байна лээ. Үүнтэй санал нийлж байна уу?

-Үнэн үг байна. Баярлалаа анхаарч байгаа. 

                                                                                                       "Камертон 2" шоуны дараа

-Эрэгтэй хүүхдүүд багадаа их сахилгагүй байдаг. Өөрөө хэр сахилгагүй хүүхэд байв?

-Дүрсгүйтэж л байсан. Байрны хүүхдүүд зун бөөнөөрөө гараад тоглоод л  дүрсгүйтдэг шүү дээ. Гэхдээ айхтар сахилгагүй байгаагүй ээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар?
“Камертон 2” шоу дуусаад "Бид 4" хамтлаг байгуулагдсан. Тэрнээс хойш Сингапур улс руу хоёр сарын хугацаатай хэлний бэлтгэлд явсан. Тэмцээнд ороод жил гаран болсны дараа бид анхны дуугаа цацсан. Энэ хооронд  бэлтгэл хийж , дуугаа бичүүлсэн, цомгоо хэвлүүлсэн. Эхний ажлууд маань бэлэн болоод л явж байна . Цомог маань энэ сарын 14-ны өдөр наашаа гарсан. Цомог маань “Бид4” гэсэн нэртэй, таван дуутай. Цомгийг  “Скайтел”, “B production” ивээн тэтгэсэн. 

Цомогт багтсан бүх дууг  Монгол улсын төрийн соёрхолт, “B production”-ийн захирал, продюссер Д.Болдоо ах маань хийсэн. Хөгжмийн найруулга дээр Н.Баярхүү ах, Халиун ах маань ажилласан.  Дуунуудын шүлэг дээр  Quiza ах, Нарангэрэл, Золзаяа буюу ZZ ажилласан. Микс мастерийг Оросын “Виво” гэж студид Максим Комов гэж чадварлаг  хүн хийсэн.  Хэвлэлтийг “B production”-той хамтарч ажилладаг Солонгосын маш сайн студид хэвлэгдсэн.  Саяхан “Оройтоогүй” дуугаа цацсан. Дараагийн дуу маань “Камертон” хамтлагийн “Шүтээн” дуу.   “Шүтээн” дууны клипийг  Creative Motion студийнхан хийж байгаа. Болж өгвөл бид нар бүх дуугаа клипжүүлэх санаатай байна.

Манай энэ цомогт олон хүн тусалж, хамтарч ажилласан.  “Скайтел” групп, “B production”, "Боловсрол суваг ТВ"  "Studi 3" "TJ entertainment" "V" studi "Creative motion" studi “Саранго фитнесс”, “Антиграфити” салоны хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Ихэнх хамтлаг дуучид өөрсдөө үг аяаа зохиодог шүү дээ. Танайхан бас өөрсдөө үг, аяаа зохиох уу?

Өөрсдөө зохиосон үг, ая бий.  Тэрийгээ дараагийн цомогтоо ашиглана.  Ер нь аль болох өөрсдийнхөө боломж нөөцөө ашиглахийг боддог.

                              

-Хобби?

-Сагс, кинонд дуртай. Кино цуглуулдаг одоо нилээн хэдэн кинотой. Сагс бол миний номер нэг хобби. Хамаг стресс, ядаргаагаа сагс тоглож тайлдаг.  Дотор онгойгоод л сайхан болдог.

-Үеийнхээ залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Миний хувьд залуучуудыг дүгнэх хэмжээнд хүрээгүй л дээ. Өөрөө залуу хүн.  Юм хийгээд явж байна.  Нэг юмандаа тууштай зүтгэх нь зөв юм байна гэдгийг ойлгосон.  Би бол дуулна, хамтлагаар дуулна гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Угаасаа миний мөрөөдөл болохоор эргэлт буцалтгүйгээр зүтгэсэн. Яг эндээ тууштай явж байгаа. Гол зүйлдээ тууштай зүтгээд хажуугаар нь олон зүйлээр өөрийгөө хөгжүүлж болно шүү дээ.

-Шантрах үедээ өөрийгөө хурцалдаг зүйл?

-Шантрахгүй, алдахгүй  хүн гэж байхгүй байх . Бүгд л их бага хэмжээгээр алдаа гаргадаг . Харин алдаагаа ухамсар болгож авах хэрэгтэй гэж боддог. Хүнд, хэцүү үе зөндөө байсан. тэр үед миний ганц хань зорилго  л байсан. Би энэ тайзан дээр дуулах ёстой. Би яагаад чадахгүй байгаа юм бэ?Яагаад Би энд сууж байгаа юм бэ? Би тэнд байх ёстой гээд л босдог. Төлөвлөсөн зорьсон зүйл маш их байна. "Бид 4" хийнэ бид дөрөв чадна.

                                                                                                                            Ярилцсан: Х.Даваанаа

                                                                                                                                               А.Баярмаа