БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилээ хаасан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудалд Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрээний хил дахин хаасан, хаагаагүй гэх зөрүүтэй мэдээллийн тухайд, Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Асуудал үүссэн үү. Үүссэн. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн 2 өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Тэр орчимд Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ гэх. Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэв. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа. Энэ тохиолдолд Хятадын талын шаардлагыг хурдлуулах ажлыг манайхаас хийж байна.

Эрээний хилийг нээх асуудалд манай талаас Гадаад харилцааны шугамаар маш идэвхитэй ажилласан. Бэлтгэлээ хангаж, байж болох хэмжээнд ингэсэн.

Гэхдээ энэ бол нөгөө талаас гадаад харилцааны асуудал тул дипломат аргаар харилцан биенээ ойлгон ажиллах гэдэг талаас хэт их олон нийтийн сэтгэлзүйд авталгүй ажиллах нарийн ширийн юм бий бий.

Тиймээс дахин хэлье, эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрх асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, дахин нэмэлт шаардлага гаргуулахгүй байхад анхаарч ажиллах чухал байна" хэмээжээ.