Зүүн  бүсийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал  III цахим чуулган өчигдөр болсон юм. УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оролцогчдод танилцууллаа.

Тус чуулганыг УУХҮЯ, АМГТГ, ОҮИТБС-ын ажлын алба, ОУСК болон  Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ЗДТГ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхний хэсгээр  Лиценз олголт ба орон нутгийн оролцоо  сэдвээр өрнөсөн юм. “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт - орон нутгийн оролцоо, хяналт” илтгэлийг  УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст танилцуулсан юм.

 

Хуулийн төсөлд хайгуул болон ашиглалтын  тусгай зөвшөөрөл олгоход аймаг, орон нутгийн иргэдээс асуудаг байсан бол хуулийн өөрчлөлтөөр иргэдээс асуухаа больж солбилцолын дагуу Засгийн газраас баталдаг болж  байгаа юм байна. Түүнчлэн уул уурхайг  улсын болон орон нутгийн чанартай гэсэн хоёр ангилалд хуваасан байна. Нүүрс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргадаггүй уурхайг орон нутгийнх гэх бол экспортод бутээгдэхүүнээ гаргадаг уурхайг улсын зохицуулалтай  гэж үзэхээр хуульд тусгасан байна. Тодруулбал, түгээмэл тархацтай ашигт малтмал болон тухайн орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг уурхайнууд нь орон нутгийн зохицуулалттай уурхайд хамаарна. Бусад нь улсын зохицуулалттай уурхайд хамаарна. Улсын зохицуулалттай уурхай нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулна, ингэхдээ аймаг, нийслэлийг хөгжүүлэх таван жилийн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг гэрээнд тусгасан байх зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдвал сум, дүүргийн удирдлагатай ОНХАГ-г орон нутгийн зохицуулалттай уурхайнууд байгуулах аж. Ингэхдээ сум, дүүргийн Засаг даргын  үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд байгуулна гэж оруулжээ. Улсын зохицуулалттай уурхай нь жил бүр ашиглалтын төлөвлөгөө, тайлангаа батлуулж, хүргүүлэх болон орон нутгийн зохицуулалттай уурхай нь уулын ажлын төлөвлөгөөг гурван жилээр хийж, тайлангаа жил бүр хүргүүлэх юм байна.

 

Түүнчлэн Дорнод, Өмнөговь, Ховд, Дорноговь зэрэг таван аймагт АМГТГ-ын харьяа нэгж байгуулах бол 21 аймагт Эрдэс баялгийн хэлтэс байгуулахаар тусгажээ. Шинэ хуулийг УУХҮЯ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг холбогдох байгууллагуудаар хэлэлцэж дууссан бол  олон нийт болон аймаг орон нутаг, иргэний нийгмийн байгууллага бусад оролцогч талуудыг  хамруулж дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний хэлэлцүүлэг өнгөрсөн сарын сүүлээр болж баруун бүсийнхэн хуульд саналаа тусгасан бол өчигдөр зүүн бүсийнхнийг оролцуулсан хэлэлцүүлэг болсон юм. Хуулийн шинэчилсэн найруулгад ил тод байдлыг хангах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүргийг нэмэгдүүлжээ.

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэд, олон нийтэд өөрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор хоёр жил тутамд байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан гаргах зохицуулалтыг оруулсан байна. Одоо мөрдөж байгаа хуульд уурхайн хаалт болон нөхөн сэргээх тухайд бүрхэг заалттай явж ирснээс гарсан муу  үр дүн олон байдаг. Харин энэ удаагийн хуулийн шинэчлэлтээр байгаль орчин, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, олборлолт, хайгуулын түвшинд түлхүү анхаарсны зэрэгцээ хайгуулын бодлого, төлөвлөлт, ил тод байх, хяналт зэрэг эерэг үр дүн авчрах заалтуудыг тусгасан нь давуу болсон гэж УУХҮЯ-ны шинжээч онцолж байв. Энэ үеэр оролцогч талуудаас хуульд оруулах саналаа илэрхийлж байв. Тухайлбал, нөхөн сэргээлтийн актыг VII маягтаар Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн гарын үсгээр үйлддэг. Мөн давхар Байгаль орчны сайдын тушаалаар маягтыг бөглүүлдэг. Гэтэл сайдын тушаал гараагүй байхад VII маягтаар хүлээн авах боломжтой байна. Үүнийг нэг мөр болгоогүйгээс хийдэл гарах магадлалтай гэсэн юм. Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Д.Ганцогт хуулийн төсөлд саналаа хэлсэн юм.

 

Тэрээр” Стратегийн орд газруудын шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх, бусад орны туршлагыг судалж тусгах. Мөн орон нутгийн, улсын чанартай гэсэн ангилалд уул уурхайг оруулсан байна. Хамгийн гол нь орон нутагт ирэх үр өгөөжийн хувь хэмжээг тодорхой болгох. Тухайн ашигт малтмал уул уурхайн хүчин чадал, том жижгээс хамаарч, орон нутагт орох мөнгөн дүнг тодорхой хэмжээний интервалд оруулах шаардлагатай байна. Таван жилийн төлөвлөгөөнд оруулна гэсэн бол хувь хэмжээ нь тодорхойгүй байна.Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй АМГТГтохиролцоод явж байна. Гэрээний ил тод байдлыг хэн шаардах вэ. Орон нутагт ирэх хувь өгөөж тодорхой биш байгаа нь мөн л орон нутгийн хөгжил энэ хэвээрээ байна гэсэн үг. АМНӨАТ-ийн 30 хувийн 10 нь суманд, аймагт 20 нь гээд хуучнаараа л явж байна. Орон нутагт замаа тавьчих хэмжээний өгөөж буюу хөрөнгө оруулалт болох хэмжээний хувь хэрэгтэй. Бусад улс үүнийг шийдсэн байна.Тодорхой өөрчлөлт оруулж байж л энэ хууль өгөөжөө өгнө” гэсэн юм. “Баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор “Хайгуулын зөвшөөрлөөр нөөцийг нь тогтоогоод  Олон улсын хөрөнгийн биржид баялгийг барьцаалж болох уу. Ийм үзэгдэл сүүлийн үед гарч байна. Хуульд зөвхөн банкинд л барьцаалж болно. 10 хувийг нь дотоодын хөрөнгийн биржид гаргана гэжээ. Үүнд анхаарлаа хандуулж хуульд тусгах түүнчлэн хуулийн хэлэлцүүлгийг дахин хийх хэрэгтэй” гэсэн юм. УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч С.Цэцэг-Өлзий эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг орон нутагт хэрхэн хангах илтгэлийг танилцуулав. Эрдэс баялгийг хатуу хучилттай замаар зөөнө гэж хуульчилсан нь бодит амьдрал дээр нийцэхгүй байна. Орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангадаг тээвэрлэлт тухайн аймгаас баталсан маршрутаар явна. Заавал хатуу хучилттай замаар гэж заагүй гэдгийг илтгэгч тодотгож байв. Түүнчлэн цахим сайтын мэдээлэл ойлгомжгүй удаан байгаа талаар хөндөж байлаа. Үүнд Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон хариулахдаа "2022 оноос эхлэн цахимаар бүртгэл хийж эхэлнэ. Мэргэжлийн хүмүүсээс шалтгаалсан зохицуулалт ихтэй байгаагаас их цаг хугацаа шаардаж удаашралтай байна. Гэхдээ энэ асуудлыг илүү хурдан болгохыг зорьж байна” гэв.

 

Баяжуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгоно

 

Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төрлийг нэмэгдүүлж, баяжуулах үйлдвэрлэл эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах зохицуулалттай болж буйг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Т.Зууннаст мэдээллээ. Баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн адил үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Ингэхдээ орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалтаар орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаануудыг гэрээндээ тусгасан байна. Харин гэрээний ил тод байдлыг хангах үүргийг сум, дүүргийн Засаг дарга хүлээж, гэрээ байгуулахаас өмнө олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна гэж заажээ. Баяжуулах үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болон баяжуулалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлж, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болон үүсмэл орд ашиглагч этгээд баяжуулалтын лиценз эзэмших эрхтэй байна. Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг 10 хүртэлх жилээр олгох ба сунгалт нь мөн анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгах юм байна.

 

Баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага нь технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай байх, зураг төсөлтэй, түүхий эдийн нөөцтэй, үүсмэл орд эзэмшиж буй бол нөөц нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн, химийн бодисын хэрэглээ нь тодорхой, газар эзэмших болон ашиглах гэрчилгээтэй, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөтэй байх ёстой гэж заажээ.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин