Г.Жамъян:   -Сайн байна уу, дүү минь! (Торны, дөнгөж хацар багтах нүхээр үнсэхчээн боллоо)


Ц.Мөнхбаяр:       -Монгол хүний амны билэгээр сайн гэхүү дээ. Шоронд хүн сайн байна гэхэд хэцүү шүү дээ.


Г.Жамъян:       -Бие нь яаж байна?


Ц.Мөнхбаяр:       -Бие гайгүй дээ. Жаахан турсан байгаа биз дээ. Орь дуу тавьсан өвчин байхгүй. Гэхдээ шорон чинь хүнийг цаагуураа л сульдуулчихдаг юм байна.


Г.Жамъян:   -Хоол нойрондоо хэр зэрэг байна?


Ц.Мөнхбаяр:       -Хоол яах вэ, дотор  махныхаа хоолны нормыг идчихээд л байгаа. Нойронд тааруу, хилс хэрэгт тарчилж байгаадаа үргэлж бухимдалтай байх болохоор, тийм сайхан унтаж амарч чадахгүй л дээ.


Г.Жамъян:   -Хилс хэрэгт гэснээс, та нарыг чинь хаалттай шүүх хурлаар тасалж, 22 жилийн ял оноосныг хэвлэл мэдээлэл, ам дамжсан ярианаас мэдэж байгаа. Ер нь юу болсон юм бэ?


    Ц.Мөнхбаяр:        -Эрх баригчдын даалгавраар цагдаа, тагнуулынхны найруулсан том жүжиг л дээ. Бид бол эх орноо хайрлах, газар шороогоо хамгаалах, түүний гол баримт бичиг болох “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихсан нөхцөлд бид олон сар жилээр тэмцсэн. Гэтэл, Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг ч, бидний тэмцлийг ч тоож үзээгүй газар шороогоо харийнханд худалдсан, гол усаа бузарлуулсан хэвээр байлаа. Манай хөдөлгөөнүүд арга тасрахдаа “Сүрдүүлж үзье”, “Та нар эх орноо худалдвал ийм тэмцэлд хүрч болзошгүй шүү” гэдгийг үзүүлэх зорилгоор буу зэвсэг аваачиж тавьсан нь үнэн.


    Г.Жамъян:   -Та нарыг чинь, ордны цэцэрлэгт буудаж түйвээсэн бололтой сурталчилгаа явж “зандалчлах” билүү, миний л хувьд дуулаагүй зүйл ангиудаар шийтгэчих шиг болсон. Тэгээд би хаалттай шүүх хурлын дараа “Сүрдүүлэг” гэсэн материал хэвлүүлсэн. Түүндээ “Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаасан нь зүгээр л явж байдаг, тэнгэр рүү буудсан нь шоронд хатаж байдаг!!! гээд бичсэнсэн. Тэр сонингоо чамд явуулсан, авсан биз дээ?


    Ц.Мөнхбаяр:  -Тэр сонин чинь над ирээгүй. Үнэн юмыг бол зуураас нь хураагаад авчихна шүү дээ. Одоо болтол үзээгүй л байна. Буудахын хувьд бол би буун дуу дуугаргаагүй юм. Биднийг “буудсан”, “бөмбөг, тэсэрч дэлбэрэх зүйл нууцаар тавьсан”, “Террорист үйл ажиллагаа явуулсан”... гэхчлэн бүгд цагдаа, тусгайгийнхны найруулсан жүжгээр ялласан. Худлаа юмыг бид хүлээгээгүй л дээ. Тулгаад тасалчихаж байгаа юм. Тийм худал, гүтгэлгийн шүүх хурал хийхийн тул, урьдчилан хорих төвд, хаалттай хийж байна билээ. Би бодож байсан л даа. “Цагдаа, тагнуулынхан бол эрх баригч улстөрийн хүчний даалгаврыг л биелүүлж байгаа. Харин шүүх, прокурор үнэн зөвөөр шийдэх байх” гэж бодож байсан. Тэгдэггүй юм байна. Өөрсдийнхөө, их мөнгө цалин амлачихсан шүүгч, прокуроруудаар шийдүүлчихдэг юм байна. Бид, Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргах гэж байна. Засгийн газрыг буруутай хэмээн шийдвэр гаргаж байсан Дээд шүүх, шийдвэрийг нь биелүүлэхийн төлөө тэмцэж байсан биднийг суллачих байх гэж найдаж байгаа.


    Г.Жамъян:  -Та нарыг барьж хорьчихоод, олон түмнийг хоёр кг махны үнээр хуурчихаад, улс орноо өрний яндан цагаан морь шиг болгочихоод дээгүүрээ ч ханаж цадвал цадахаар л болж байх шиг байна. Зарим нь түрүү талаасаа оргож гарцгааж байна гэх юм? Та нар ер нь мэдээллээс хэр зэрэг хол байдаг юм? Шоронд чинь телевиз байна уу?, сонин хэвлэл очдог уу?.


    Ц.Мөнхбаяр:  -Мэдээллээс хамгийн хол хүмүүс бид л байдаг. Телевиз бол байхгүй. Хааяа үзэх тохиолдол гарвал шүүмжлэлтэй зүйл, үнэнд ойр дөт зүйлийг бол үзүүлэхгүй л дээ. Төр засаг нь ард түмнээ жаргааж байна гэсэн зүйлийг бол үзүүлэх л байх. Шоронд сонин хэвлэл бараг очихгүй дээ. Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа би хэдэн сонин захиалж уншдаг байсан. Манайхан намайг шоронд анх удаа хэвлэл захиалсан хүн гэж цаашлуулдаг байлаа. Дамжингаас хаа нэгтээ газар ачигдаж очих болно. Тэндээ бол, үнэнийг бичдэг хэвлэл сонингуудаа захиална аа. Сүүлийн үед мэдээллээс нэлээн холдоод байна. Та зарим зүйлийг сонирхуулахгүй юу?


    Г.Жамъян:  -Хамгийн сүүлийн сониноос гэвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх, хууль хяналтын байгууллагад шалгагдах болохоороо оргоод гарчихлаа гэнэ. Хүмүүсийн цуу яриагаар бол, дээрээс зориуд зохион байгуулалттай оргуулсан л гэх юм. Их хэмжээний мөнгө ч авч гарсан бололтой. Энэ чинь нөгөөх, хамтарсан Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа цулайтал баяжчихсан залуу шүү дээ. Оюутолгойн гэрээг улс орон ард түмэндээ ашиггүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг бодож алдаатай хийсэн гэгддэг гурван сайдын нэг нь. Түрүү Д.Зоригт сайд нь гадаадад гараад сураг тасарсан. Одоо Л.Гансүх нь оргоод явчихлаа. Ганцхан С.Баярцогт нь үлдээд байгаа. Монголын мөнгийг “Хятадын Монгол” хаягаар гадаадын банкинд чихчихээд сууж байгаа нөхөр. Нэг л өдөр гарах юм байгаа биз. Ер нь Монголын хөрөнгө, эрх баригч хэдэн хүний орд харш, эдлэн газар болоод гадаадын хамаг сайхан нутгуудад байгаа, валют нь гадны банкуудад “Хятадын Монгол” гэсэн хаягаар хадгалагдаж байгаа гэх юм. Жаахан эвгүй “үнэр” авбал гадагшаа гарахад бэлэн байцгааж байгаа юм биш үү? “Мартсанаас мал мэнд үү?” гэгчээр, чамайг таслагдах үед хэд хэдэн хүн сүрдүүлж дарамталж их мөнгө авсан гэж хуулийнханд мэдүүлээд байсан. Тэр юу болсон бэ?


    Ц.Мөнхбаяр:  -Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна. Шалгуулж, зөрчилтэй гараад арга хэмжээ авагдах гэж, бидний өмнө гуйж царай алдаж байсан хүмүүс гүтгэж эхлэсэн шүү дээ. Түүнийг нь цагдаа, хуулийнхан өлгөж аваад сүр бадруулж байгаа нь тэр. Бидэнд, дарамтлаад авчихсан зүйл байхгүй. Тэр гүтгэгчид “хушуугаа худалдагчид”, надтай улаан нүүрээрээ уулзах цаг бий байх. Цагдаа хуулийнхан дунд шудрага сайн хуульчид олон байна аа. Тэр хүмүүсийн гүтгэлгийг үнэнээр нь тогтоосон.


Г.Жамъян:    -Эргэлт хэр зэрэг ирэх юм дээ?


Ц.Мөнхбаяр:  -Ирнээ ирнэ. Урьдчилан хорих төвд бол хэцүү л дээ. Хүмүүсийг бараг оруулахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга мэтийн цөөн хэдэн хүн уулзсан. Үнэн сэтгэлээсээ ярилцсанд баярлаж байгаа. “Дамжинд” ирсээр л хүмүүстэй нэлээн уулзаж байна. Гэр бүлийнхнээс гадна ойр дотно нөхөд, иргэний хөдөлгөөнийхөн ирж байна. Овоо мэдээлэл авч байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байгаа тухай хальтхан сонслоо. Энэ талаар та л нэлээн мэдээлэлтэй байгаа даа?


Г.Жамъян:    -Миний хувьд хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэсэн санал тавьж, Монгол Ардын Намынхныг уриалж байна билээ. Хүмүүсийн зарим нь энэ саналыг дэмжиж байх шиг. Масс бол үүнийг “хамтарч идэх хувилбар” гэж үзэж байна. “Олонхи, Монголыг мөлжөөд бараглаж байна. Үлдсэн жаахныг нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэрээр дуусгачихъя гэсэн бодлого” гэсэн санаа бодолтой хүн ч таарч байна. Бас “Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын залийг мэдэхгүй биш, Монголын эдийн засаг сульдаж доройтоод ирэхээр Монгол Ардын Намынхныг урьж нэг хөнжилд ороод 2016 оны сонгууль ойртохоор хаяад явдаг зангаа гаргаж, хамаг бурууг Монгол Ардын Нам руу чихэх гэж байгаа юм” гэсэн хардлага ч сонсогдож л байна. Юутай ч Монголын төр хямрах нь хямарчихлаа. Улс орон, ард түмний төлөө санаа зовж байгаа хүн бий гэжүү? ! Бараг бүгдээрээ л ашиг сонирхлын хувийн тоглолт хийгээд бужигнаж байх шив дээ.


Ц.Мөнхбаяр:  -Яана даа ах минь, Улс орон маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, нутаг орон маань гадныхны барьцаанд сэг-нүх болоод үлдэж байгаа, хүн ард нь гуйлгачин болчихоод байхад, эрх баригчид нь нэмж өр тавих л юм бодоод сууж байдаг, болж байгаа юмуу? Миний бодлоор бол дэндүү харамсалтай байна. Сөрөг хүчин, намууд, Үйлдвэрчний байгууллага, Иргэний хөдөлгөөнийхөн гэж байгаа юмуу? ! Харсаар байгаад Чингэсийн Монголыг ийм байдалд хүргэчихмээргүй байна. Шоронд, миний бухимддаг л юм энэ.


Г.Жамъян:    -Өргөст торны дотор хичнээн бухимдаад яах билээ дээ. Шоронгийн хуяг, ажилтнууд та нарт ер нь ямраар хандах юм?


Ц.Мөнхбаяр:  -Тэд, бидэнд хүндэтгэлтэй ханддаг юм шүү. Зорьж яваа үйлсийг маань сайн ухаарсных байх. Би чинь заримдаа бухимдаад тэднийгээ хатуухан хэлчихнэ. Уужрахаараа уучлалт гуйна. Тэд бол, төрийн албанд зүтгэх гэж л тангараг өргөсөн хүмүүс. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Эрх баригчдын үүргийг л биелүүлж байгаа хүмүүс гэж, би цайруулж боддог л доо. Өнөөдөр тэдэнд төрийн хууль биш, эрх баригч намын шахалт л үйлчилж байгаа гэдэг нь нууц биш.

Г.Жамъян:    -Эрх баригчдад бол та нарыг ямар ч аргаар хамаагүй хорьж л байх шаардлага бий юу?


Ц.Мөнхбаяр:  -Тэгэлгүй яахав. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнийг өнөөгийн эрх баригчид багалзуурдан дарж байгаагийн тод жишээ энэ юм даа. Биднийг 22 жилийн хорих ялаар шийтгэснээр иргэний нийгэм, хөдөлгөөнүүдийг нухчин дарж, ард түмний хөлийг “чөдөрлөлөө” гэж бодож байгаа байх. Тэд, хүчийг буруу үнэлж байна. Харин ч хурцалсан шүү. Олон арван шинэ хөдөлгөөнүүд нэмэгдэж, зуу давлаа. Магадгүй, нэгэн цагт бидний сууж байгаа энэ торонд өнөөгийн удирдлагууд сууж байхыг байг гэх газаргүй л болов уу. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, шинэ залуу, шудрага дайчин үе өсч торниж байгааг эд нар тооцоолох чадваргүй байна.


Г.Жамъян:    -Иргэний хөдөлгөөнийхнөөс хамт ял эдлэж байгаа хүмүүс хаа хаана байна?


Ц.Мөнхбаяр:  -Урьдчилан хорих төвд байцгаасныг одоо салгаад ачиж байна. С.Дашцэрэнг Дарханд, Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Ж.Ганболдыг Дарь-Эхийн салбарт, Г.Болдбаатарыг Амгаланд, намайг одоо шийдэх байх.


Г.Жамъян:    -Өөрөө хаана очих бодолтой байна? Санал асуудаг юмуу, үгүй юу?


Ц.Мөнхбаяр:  -Хоригдол хүнээс санал асуух юм байхгүй шүү дээ. Хархорин руу сураг дуулдаж байсан. Би бол тийшээ дуртай л явна. Хотоос гармаар байна. Энэ утаа тоосондоо дарагдаж, гишгэж байгаа газар нь хүртэл “хороор” дүүрсэн ийм газар амьдармааргүй байна. Хөдөө, эрүүл агаартай газар намайг ажиллуулаасай! Би хаашаа ч оргоод явчихгүй. Над гадаадад байтугай дотооддоо орон байр байхгүй. Эрх баригч хэдэн хүнд биш, эх орондоо хийж бүтээнэ гэдэг сэтгэлээр, хаа ч би хүний доор орохгүй ажиллана. Агрономич мэргэжилтэй хүний хувьд, хорих ангидаа хүнсний ногоо тарьж өгье. Жимсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн ч болж байна. Мал аж ахуйд бол юу ч хийсэн чадна. Малыг нь өөриймсөг сэтгэлээр сайн маллаж өгье. Надаас юунаас нь бэргээд байгаа юм! Би шудрага үнэний төлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, эх орноо хараад элэг эмтэрч яваа жирийн л нэг эр хүн. Намайг шантруулж, мохоож дарж авна гэвэл санааны гарз. Би, шудрага бус үйлстэнтэй эцсээ хүртэл тэмцээд л үхэх хүн. Хүн, нэг л үхдэг биз дээ. Би өнөөдөр үхэхэд энэ хүмүүс маргааш цааз ял сонсох ч юм билүү. Уучлаарай ах минь. Ам нээснийх, уушги нээ! гэсэн үг байдаг даа.


Г.Жамъян:    -Та түрүү “гадаадад байтугай дотооддоо ч орох орон байхгүй” гэлээ. Ар гэрийн амьдрал ер нь ямар байна аа?


Ц.Мөнхбаяр:  -Эхнэр маань дөрвөн хүүхэдтэйгээ түрээсийн өрөөнд хөөгдөн хөөгдөн хоргодож байна. Хүүхдийн том нь оюутан. Ядарч л явах шиг байна. Над ч болж байна л гэдэг юм. Багацуул нь ирж энэ торны завсраар хацраа үнсүүлдэг юм даа. Заримдаа ч “Хэрэг хийгээгүй байж, энэ бүлэг хүмүүсээр ингэж ч тоглуулах гэж дээ!” хэмээн гомдож л байх юм. Гомдоод би яахав дээ.


 Г.Жамъян:    -Таны байгаль орчныг хамгаалахад зүтгэсэн зүтгэлийг үнэлж Олон улсын байгууллага өндөр дээд шагналаа хүртээж байсан. Тэр байгууллага хүмүүс, өөрийн чинь энэ байдлыг мэдэж байгаа юу?. Уулзаж учирч, таны төлөө санаа тавьж байна уу?


Ц.Мөнхбаяр:  -Олон улсын байгууллагууд бидний тухай мэдсэн. Уулзаж учирсан. Байнгын санаа тавьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн чиг хандлага бий. Би болон манай нөхөд жаахан хүлээзнэж байхыг хүссэн. Яагаад гэвэл бид Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ бол бид чинь Улсын дээд шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1249 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа Засгийн газарт эсэргүүцэл үзүүлсэн юм. Тиймээс Улсын дээд шүүх бидний гэм буруугүйг тогтоож суллах байх гэж итгэж байгаа. Суллах байтугай цагаатгах байх гэж бодож байна. Улсын дээд шүүх, Засгийн газрын алдаатай бодлогыг хөхиүлэн дэмжихэд хүрвэл бид Олон улсын байгууллагуудад хандана.


Г.Жамъян:    -Таслан шийдвэрлэх хаалттай хуралдаан дээр та “Усгүй болох гэж байж алтаар яах юм. Улсгүй болох гэж байж амиар яах юм! гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энэ үгээ эргэцүүлэн бодоход ямар байна?


Ц.Мөнхбаяр:  -Харийнхан Монголын баялагийг дур мэдэн ухаад, усаар нь угаагаад гадагшаа зөөж байна. Та хөдөө яваад хараарай. Тэр аяараа онгорхой нүх, хортой булингартай ус л үлдэж байна шүү дээ. Усгүй боллоо. Жилд хэдэн зуу, мянгаараа харийнхан орж ирээд Монголчуудаас давуу эрх мэдэл эдлэн, юу ч хийхээс буцахгүй болсон байна. Тэд, жирийн монгол хүнээс хэд дахин илүү цалин хангамж эдлэн, Монголын эзэн шиг загнах боллоо. Газар нутгийг маань хэсэглэн хувааж, арваас жаран жил, зуун жилээр эзэмших нууц хэлэлцээ хийж байна. Тэр бүхний цаана тэрбум тэрбумаар тооцогдох авлига явж байгааг үгүйсгэх аргагүй. Аргагүйн эрхэнд л Төрийн ордон дээр алаг далбаа минь намирч, төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө сүндэрлэж үлдлээ дээ. Хэзээ энэ бүхнийг арчиж хаях юм, мэдэхгүй. Улсгүй болох гэж байж амиар яах юм!.

Г.ЖАМЪЯН
    (Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн)