Цар тахлын улмаас бүхий л үйл ажиллагаа зогсож,гэр гэртээ хөл хорионд орж суусан цаг саяхан. Цар тахал агаар дуслаар дамждаг учир хүн хүнээсээ зугтах шахам амьдарсаар бид хоёр жилийг өнгөрөөж байна.

Хэвийн нөхцөл байдал руугаа хэзээ орох нь тодорхойгүй. Коронавирус мутацилагдаж янз бүрээр илэрч байгаа нь эрүүл мэндийн салбарт тун хүнд даваа болж байгаа. Гэсэн хэдий ч бидэнд вакцин гэх найдвар бас байна аа. Хамгийн аюултайд тооцогдож байсан дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж дэлхий нийтээр үзэж байсан бол одоо дельтагаас хурдан тархдаг омикрон гэх хувилбар дэлхийг нөмрөөд эхэллээ. Бид энэ цар тахлаас ч амар салахгүй нь ойлгомжтой болчихлоо.

Одоо бидэнд нэг асуудал байна. Өнгөрсөн жил улс даяараа шинэ жилийн баярыг олноор тэмдэглээгүй. Гэтэл энэ жил ёстой нэг хөөрч дэрвэсэн хүмүүс шинэ жилийг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Бие биенээ дөвийлгөж хөөргөөд энд тэндгүй ёолкдож байна. Албан газруудын ёолкыг ярих юм биш. Өнөөх нь даамжирсаар бүр хийрхэх байдалд хүрчихлээ. Хийрхлийн галыг хэн өрдөж байна гэхээр өнөөх мөнгө олох гэсэн үйлчилгээний байгууллагууд,манайхны юм үзээгүй зан нөлөөлж байна.Ер нь дэлхийд Монголоос өөр албан байгууллагын шинэ жил тэмдэглэдэг газар алга. Уул нь Засгийн газраас төрийн байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Хувийн хэвшлийнхний шинэ жил тэмдэглэхийг зөвшөөрчихсөн. Гэвч одоо замбараагүй тэмдэглэж байна шүү дээ. Төрийн байгууллагыг хорьсон атлаа хувийнхнийг зөвшөөрсөн нь тун ойлгомжгүй. Төрийн байгууллагууд ёолк тэмдэглэхгүй гэхээр ТББ-ууд чинь өдөр алгасахгүй тэмдэглэж байна. Адилхан л цуглаж бөөгнөрөөд байгаа юм чинь халдвар авмаар юм.

Бид нэг шинэ жил л тэмдэглэхгүй бол үхчих гээд байгаа юм шиг байх юм аа. Харин ч тэмдэглээд горыг нь амсахвий гэхээс айх хүн алга. Ер нь зах замбараагүй тэмдэглэсэн шинэ жилд орсон хүмүүсээс халдвар илэрвэл тухайн зохион байгуулсан байгууллага, ТББ-д нь хариуцлага тооцмоор байна. Бүр өндөр торгууль тавимаар байна. Яагаад гэхлээр коронавирус хэд хэдэн төрлөөр мутацилагдаад хүн төрөлхтөн тахлын өмнө хүндхэн байдалтай байна. Хачирхалтай нь, дохтой хүмүүсийн биед хагас жил мутацилагдаж байж омикрон гэх хувилбар гарч ирж байна ч гэж ярих боллоо. Омикрон хувилбар нь дельта хувилбараас хэд дахин хурдан тархаж байгааг хэн хүнгүй л сонсож сууна. Ер нь халдвар их тарах тусам бидэнд хэцүү.

“Ковид-19” өвчний хүндрэл, нас баралт ихсэх магадлал хурдтай өснө. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулж, өвчилсөн иргэд хяналтаас гарч, хэрээс хэтэрнэ. Ийм л хүнд нөхцөл байдалтай тулчихгүйн тулд бид ядаж дархлаа сэргээх нэмэлт вакциндаа л хамрагдах шаардлагатай байна. Өөр өөрсдөө хариуцлагатай баймаар байна.

Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 876,936 иргэн хамрагдаад байна. Хувьчилбал 27 хувьтай явж байна. Энэ тоо нийт хүн амын 30 хувьд хүрч байж тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчлөлийг гурав дахин бууруулах тооцоотой. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй гээд бид тайвширч болохгүй. Омикрон хувилбараас нэг тун вакцинтай хүн 19 хувь, хоёр тунтай хүн 20 хувь, дархлаа сэргээх нэмэлт тунтай хүн 80-90 хувь хамгаалагдаж байгаа аж.

Баахан шинэ жил тэмдэглээд дараа нь омикрон болохоо байлаа гээд хөл хорио тогтоох энүүхэнд болоод байна шүү. Цар тахлын аюул биднийг отож буй энэ цагт хүн бүрийг сахилгатай, хариуцлагатай байхыг шаардаж байна. Хөл хориотой үед өлслөө цангалаа гэнэ. Дэглэм арай сулрууллаа гэхтэй зэрэг л задгайрч баяр наадам тэмдэглээд бэлччихнэ. Нөгөө халдвар хамгааллын дэглэм сахихыг ч бараг мартаад гүйж яваа хүн олон байна. Хэдүүлээ ёолкдоод л, баярлаж цэнгээд олуулаа цуглараад байвал омикрон хувилбар энд тэндгүй тархаж өнөөх байрныхаа гаднаас түгжүүлээд, хоол хүнсээ хүнээр зөөлгүүлээд ажилгүй орлогогүй, сэтгэл санаа айдас хүйдэстэй өдрүүд дахиад эхлэхийг үгүйсгэхгүй.Энэ бүхэнтэй нүүр тулахгүйн тулд гэр гэртээ л шинэ жилээ тэмдэглэмээр байна.

АНУ, Англи зэрэг улсад омикрон хувилбар нь дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн хангах нь чухал гэж мэдээлж байна. Тэр дундаа дэлхийд ардчиллаараа гайхагддаг АНУ вакцин хийлгээгүй тохиолдолд халдварт өртвөл өөрсдөө хариуцлагаа хүлээгээрэй гэж мэдээлэл хийж байна. Тэгвэл бид яагаад хариуцлага ярьж болдоггүй юм. Хариуцлага ярихын тулд түрийвчтэй нь ярих хэрэгтэй болдог. Заавал хариуцлага тооцуулж, торгуулж байж ухаарах аяддаг муу зан бидэнд бий. Ер нь тэр шинэ жил зохион байгуулаад байгаа хувийн байгууллагууд, ТББ-уудыг торгох хэрэгтэй. Тахлын тоо нэмэгдэж байвал тэмдэглэж байгаа газраар нь эмчилгээний төлбөрийг нь төлүүлье л дээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлэлд өвчлөл буураад тохиолдлын тоо багасаж байсан ч эргээд эмнэлэгт хэвтэгсдийн тоо нэмэгдсэн. Энэ нь газар сайгүй шинэ жил тэмдэглэж байгаатай холбоотой гэж мэдэгдсэн. Байгууллагын шинэ жил гэж хэт олноор цугласан үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Нэмэлт тундаа ч яаралтай хамрагдах хэрэгтэй байна шүү.