Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Иргэдийн амьжиргаа туйлын хүнд болж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байхад эрх баригчид 30 жилийн дараа сайхан амьдрах тухай л ярих юм. Ойрын нэг, хоёр жилд иргэдийн амьдралыг дээшлүүлэх юм уу үгүй юу?  Хэдэн тэрбумаар нь авлига авсан хүмүүс хэдхэн саяар торгуулж байхад нийгмийн бусад хэсэгт хууль хамгийн чанга үйлчилж байна. Ийм л ялгавартай нийгэмд бид амьдарч байна.

Манай намд ямар нэгэн асуудал байхгүй. Нэг нам байгаа гэдэгт анхнаасаа би итгэсэн. Гэтэл хоёр нам мэт болгох үйлдлийг санаатайгаар зохион байгуулсан. Харин улсын дээд шүүх АН-ын үндэсний бодлогын хороог албан ёсных гэж үзжээ. 

Улсын дээд шүүх хэрээс хэтэрсэн байна. Намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийдэх ёстой. Гэвч тэд хуулиас давсан журам гаргаж байна. Энэ асуудлыг бид зөв горимд оруулахын төлөө тэмцэнэ" гэв.