Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн Буяннэмэх овогтой Ганболд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөлбөмбөгт хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1997-2010 онд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010 – 2014 онд МХБХ-ны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байлаа. Түүний удирдлага дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 1997 онд Азийн Хөлбөмбөгийн Холбоонд, 1998 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр элсэж, 2002 онд Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр элсэн орж, олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн билээ. Мөн ОУХБХ-ны ГООЛ зэрэг олон төсөл хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд МХБХ-ны ногоон талбай, Төв байр, Футзалын ордон, Цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан түүхтэй.

Тэрээр өнөөгийн Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүтэц, зохион байгуулалтын анхны суурийг тавьж байсан юм.

Түүнийг залуу насаа хөлбөмбөгийн спортод зориулахдаа хурд хүчний гайхамшиг болсон шилдэг тоглогчдын нэг байсныг үе үеийн хөлбөмбөгчид, найз нөхөд нь бахархан дурсаж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүд, удирдлага, ажилтан, албан хаагчид болон нийт хөлбөмбөгчид, багш, дасгалжуулагч, шүүгч нарын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхдүүдэд гүнээ хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Монголын хөлбөмбөгийн холбоо