Н.БАТ

Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төс­вөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн Аудитын тайланг олон нийтэд танилцууллаа. Аудитын газраас төсвийн зарцуулалтад хяналт тавьдаггүй, зарцуулсан хөрөнгийн үр дүнг тооцдоггүй, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлээгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Тайлангаас харахад манай улсын бодлого тодорхойлогчид буюу төрийн нийтлэг алдаа бол үндэсний томоохон хөтөлбөрүүд батлахдаа санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тусгадаггүй, төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг Төсвийн тухай хуулиараа батлуулж, хэрэгжүүлдэггүй юм байна. ХХААХҮЯ гэхэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөрүүдийг үндэслэн, Төсвийн тухай хуульд заасны дагуу хөдөө аж ахуйг сайжруулах, хүнсний сүлжээний үе шатуудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах төсвийг төлөвлөсөн ч тухайн жилийн Төсвийн тухай хуульд 70 орчим хувийг нь батлаагүй гэсэн дүгнэлт аудитаас авсан байх юм.

 Жил бүр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, 2018-2019 онд нийт 59,2 сая төгрөг, 2021 онд 39.6 сая төгрөг зарцуулсан ч үр дүнг нь үнэлж дүгнээгүй гэнэ. Мөн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхээр 2018 онд 71 сая төгрөг зарцуулсан ч 2019 оноос хойш одоогоор хэрэглэгдэж буй нэгдсэн сангүй, бас л үр дүнг нь үнэлж дүгнээгүй гэнэ. Хамгийн чухал нь тус салбарт гадаадын зээл тусламжаар багагүй ажлыг амжуулдаг. Гэтэл гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтгүйгээс үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн, төслийн үр дүнг бууруулсан жишээ ч нэг бус байгаа юм.Дурдвал,

  • Дэлхийн банкнаас “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төслөөс нийт 15.8 сая ам.доллар буюу 45.0 тэрбум төгрөгийг татан авч, 38.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Зээлийн эргэн төлөлт 2025 оноос эхлэх бөгөөд зээлийн хүү 1.65 хувь. Гэтэл тус төслийн хүрээнд нийт 45 мянга гаруй малчин өрхөд малын хүчит тэжээлийн тусламж үзүүлж, 179849 малчин өрхөд тус бүр 100.0 мянган төгрөг нийт 17,984.9 сая төгрөгийг буцалтгүй тусламж олгосон байна.
  • Азийн хөгжлийн банкны 2016-2022  онд хэрэгжүүлж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийн  хүрээнд  Замын-Үүд,  Алтанбулаг  хилийн  боомтуудад  5,081.0  сая  төгрөгийн  лабораторийн  тоног төхөөрөмж, урвалж бодис, тавилга эд хогшлыг хүлээлгэн өгчээ. Гэсэн ч 5,530.0 сая төгрөгөөр лабораторийн барилга барихаар төлөвлөсөн барилгын ажлын явц 35-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь  дээр дурдсан хөрөнгийг ашиглах боломжгүй, барилга байгууламж ашиглалтад орохоос өмнө эдгээр хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусаж чанаргүй хөрөнгө оруулалт болох эрсдэлтэй байна.
  • Завхан аймагт Хүн амын хоол тэжээл хөтөлбөрөөр 2018-2020 онд  НҮБ-ын Хүүхдийн сангаас авсан захиалга, зарцуулалтад айм­­­гийн ЭМГ-аас тавих хяналт хангалтгүйгээс 356.4 сая төгрөгийн өртөгтэй 46,256 хайрцаг олон найр­­лагат бичил тэжээлийн бэлд­мэлийн хугацаа дуусан устгасан байна.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэх үгээ эсрэгээр ойлгочихсон мэт иймэрхүү байдлаас үүдэж зээл тусламжийн мөнгө үнэгүйджээ. Зээл тусламжинд зөвхөн ингэж хайхрамжгүй хандав уу гэтэл үгүй.

Сум, орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор 2018-2020 онд олгосон санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил  түгээмэл гарчээ. Жишээ нь, Ховд аймагт 2015-2020 онд хүнс, хөнгөн үйлдвэр, газар тариалан, сүү цагаан идээ, сүүний чиглэлээр 266 иргэн, аж ахуйн нэгжид 1,300.8 сая төгрөгийн төгрөгийн зээл олгож, үүнээс 122 иргэн, аж ахуйн нэгжийн 483.1 сая төгрөгийн зээл зориулалт бусаар зарцуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл бараг 50 хувь нь зориулалтын бусаар зарцуулсан байх нь. Үндэсний Аудитын газраас үүнийг салбарын яамнаас Сум хөгжүүлэх сангийн  зарцуулалтад тавих хяналт хангалтгүй байна гэж үзсэн байна.

Энэ мэт зөрчлийг дурдвал цөөнгүй байгаа нь харамсалтай.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН