УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

Та УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ц.Туваан нартай хамтран тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн ач холбогдол нь юу юм бэ?

 

Инфляци үүсэх нь тодорхой болсон. “Ковид-19” цар тахалтай холбоотой тээвэр, ложистикийн хямрал үүссэн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлсэн.

Мөн Засгийн газар 10 их наяд төгрөгийг зах зээл рүү оруулж байгаа, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн салбар руу их хэмжээний мөнгө оруулж байна. Эдгээр нь инфляцийг хөөрөгдөх үндсэн шалтгаан болох юм. Инфляц тогтооход ашигладаг 200 гаруй бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой учраас 4-р сараас эхлээд тэтгэвэр авч байгаа хүмүүсийн мөнгө нь инфляцид идэгдээд, үүнээс шалтгаалан ахмадуудын амьдрал хүндрэх нь гэж үзээд судалгаа хийсэн. Өнгөрсөн онд Засгийн газар, Монгол банк буруу ажилласан учраас Улаанбаатар хотод 14,8 хувь, улсын хэмжээнд 13,4 хувийн инфляци бий болсон.

 

Тэгэхээр 300,000 төгрөгийн тэтгэвэр ойролцоогоор 45,000 төгрөгөөр буурчихаж байгаа юм. Энэ нь бага тэтгэвэр авч байгаа хүмүүст маш хүндээр нөлөөлдөг.

 

Үнийн өсөлт 2 сая гаруй төгрөгийн цалин авч байгаа УИХ-ын гишүүнд нөлөөлөхгүй. Талх 1,300 төгрөгөөс 1,500 төгрөг боллоо гээд тэр хүнд нөлөөлөхгүй. Гэтэл энэ нь сүүгээ, талхаа, гурилаа, будаагаа, махаа жижиглэж авдаг ахмадуудад  асар их нөлөөлдөг. 2018 оны хүнсний бүтээгдэхүүний үнэ өнөөдөр 65 хувиар өсчихлөө. Би жишээ нь өнөөдөр НДШ төлж байгаа ханшаараа ирээдүйд тэтгэвэр авах сонирхолтой байна. Гэтэл тэр мөнгийг Засгийн Газар, Монгол банк буруу ажиллаж, инфляцид идүүлснээр үнэгүй болгочихвол миний НДШ төлсний хэрэг гарахгүй шүү дээ. Тийм учраас өнгөрсөн жил нь инфляци 13,4 хувь болсон бол 1 сарын 1-нд нь шууд тэтгэврийн доод хэмжээ 13,4 хувиар нэмэгдэж байдаг хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд ойролцоогоор 350 мянган иргэд хамрагдах юм. Нийт тэтгэвэр авч буй иргэдийн 80 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ болох 300 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 350 мянган төгрөг авч байгаа. Энэ хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх зорилготой. Нэгдүгээрт, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг арилгах зорилготой. Өндөр тэтгэвэр авч байгаа иргэд ч тийм их биш. Ц.Гомбосүрэн гуай ярьсан байсан. “Насаараа сайд хийж, 40 гаруй жил ажиллачихаад 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл ГХЯ-нд жирийн албан тушаал хашиж байсан хүн 1 сая гаруй төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь гомдолтой хэрэг. Тэтгэврийн зөрүүг арилгах нь хамгийн чухал юм” гэж. 

 

Таны яриандаа дурьдсанчлан үнийн өсөлт зөвхөн тэтгэвэр авдаг хүмүүст ч биш иргэдэд ч нөлөөлөөд эхэллээ. Үнийг тогтворжуулах, эсвэл үнэ дагаад цалинг нэмэгдүүлэх боломж УИХ-д байгаа юу?

 

Үнийн өсөлт, инфляци тэтгэвэр авдаг хүмүүст, мөн бага цалинтай хүмүүст буюу төрийн үйлчилгээний албан хаагчид, багш зэрэг хүмүүст асар их нөлөөлж байна. Цар тахлын үед Монгол улс инфляцид зайлшгүй өртөнө. Яагаад гэвэл тээврийн хямрал буюу Эрээн- Улаанбаатар хооронд 2 жилийн өмнө 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол 70 саяд хүртлээ өсөөд одоо 30 сая болж байна. Энэ бүхнээс үүдээд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Гэтэл бид дотооддоо маш цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нарийн ногоо гэхэд л бараг бүгд шахуу гаднаас орж ирдэг байсан байх жишээтэй. Хувцасны тал дээр бүр ярих юм байхгүй. Бид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, цаашилбал бүтээгдэхүүн экспортод гаргадаг болж байж үнийн өсөлт, инфляцид идэгдэхгүй болно. 

 

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Уртнасанд хариуцлага тооцож, Б.Бат-Эрдэнийг оронд нь томиллоо. Өөрөөр хэлбэл энэ жил Улаанбаатарт утаа их байгааг  хүлээн зөвшөөрчихлөө. Та ер нь энэ шахмал түлштэй холбоотой асуудлыг юу гэж дүгнэж байна вэ? Энэ шийдэл мөн үү?

 

Өнгөрсөн 2 жилд утаа тодорхой хэмжээгээр буурсан уу? гэвэл буурсан. Энэ жил нэмэгдсэн үү? гэвэл нэмэгдсэн. Үүнийг технологи алдсантай холбоотой гэж үзэж байгаа. Би сөрөг хүчин, шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг хэдий ч 2 жилийн өмнө утаа буурсан гэдэгтэй санал нийлж байсан. МАН-ын сайн хийсэн ажлуудыг хийсэн гэж хэлэх хэрэгтэй. Гэхдээ хүхэрлэг хий бага хэмжээгээр нэмэгдсэн. Тэр ч мөн технологитой холбоотой гэж үзэж байгаа.

 

Энэ жил хольдог бодис нь хилээр орж ирээгүйгээс шалтгаалаад технологи алдсан учраас утаа маш их нэмэгдсэн гэж үзэж байгаа. Мөн хяналт шалгалтаа сулруулснаас болж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсийг хот руу оруулж ирж түлснээс болж утаа нэмэгдсэн. Монголчууд ажлыг нэг хэсэг чанартай хийж байгаад, урт хугацаандаа чанар нь алдагдаад, хяналт сулардаг гэдгийн илрэл энэ.

 

Тийм учраас Ерөнхий сайд БОАЖ-ын сайдад хариуцлага тооцсон байх. Гэхдээ үүний ард хариуцлага хүлээгээгүй зөндөө хүмүүс үлдлээ. Түлш, Эрчим Хүчний сайд гэдэг ч юм уу, яг энэ ажлыг хариуцсан хүмүүс нь хариуцлагын гадна үлдчихлээ. 

 

Таны хувьд “давхар дээл”-ний асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

УИХ-ын гишүүдийг ард түмэн хууль батлаад, эрхзүйн орчныг сайжруулж, бидний үгийг төрд хүргэ гэж сонгодог. Бас нэг гол үүрэг нь төсөв батлах байдаг. Ерөнхийдөө иргэдийн амьдралыг сайжруул гэж төрд илгээдэг. Түүнээс өөрсдөө илүү, давуу эрх ав гэж төрд илгээдэггүй. Манай намын хоёр гишүүн, мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өөрсдөө эрх мэдэл авах гэж Үндсэн Хуулийн Цэцэд хандана гэдэг байж болохгүй. Нэгдүгээрт, ашиг сонирхлын зөрчил бий болгоно. Өөрөөр хэлбэл тэд надад УИХ-ын гишүүн багадаж байна, би “давхар дээл нөмөрмөөр” байна, сайд болмоор байна гэж хандаж байна. Хоёрдугаарт, ард иргэдийн бидэнд хүлээлгэсэн итгэлийг умартаж байна. Жирийн иргэн хүн УИХ-ын гишүүнийг “давхар дээлтэй болгоё” гэж хүсэлт гаргаж болно. Тэр бол иргэн хүний эрх. УИХ-ын гишүүн өөрөө “давхар дээл” авах тухай ярьж болохгүй. Бидэнд эрх, ямбыг Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачилж өгч болно. УИХ бол Ерөнхийлөгчид, Засгийн газарт, түүний харьяа байгууллагуудад эрх мэдэл нэмэх тухай хууль санаачилж болно. Гишүүд өөрсдөө эрх мэдэл авах гэж Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл өгөх нь байж болохгүй. Гол асуудал нь үүнд байгаа юм. 

 

Ардчилсан Намд үүсээд буй асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

АН хоёр талд гарчихаад, нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй, хоёр талд их хурал хийгээд, намын даргын сунгаа зохион байгуулаад, хоёр даргатайгаар, хоёр өөр  албан бичгийг бүртгэж өгөөч гээд Дээд шүүхэд хандсан. Улсын Дээд шүүх хэд хэдэн удаа тэдний албан бичигт хариу өгөхдөө дотроо асуудлаа шийдээд ир гэдэг шийдвэр гаргасан байгаа. Түүнчлэн манай намын УИХ-ын гишүүд болон маргалдаж байгаа хоёр тал буюу С.Эрдэнэ ч тэр, О.Цогтгэрэл ч тэр МАН-ын дарга нар дээр, Монгол Улсын Ерөнхийлөгч дээр, УИХ-ын дарга дээр ороод манай талд асуудлыг шийдээд өгөөч ээ гээд явж байгаа нь буруу. Ардчилсан нам МАН-аар асуудлаа шийдүүлж болохгүй. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу дотооддоо эв нэгдлээ олох ёстой. Нэг хурал зарлаад, нэг тамгатай, нэг даргатайгаар, нэг албан бичиг хүргүүлбэл дээд шүүх бүртгээд өгье гэж байгаа шүү дээ.

 

Ингэхгүйгээр, МАН-ын дарга нар руу хадаг барьж давхина гэдэг бол цаашдаа МАН-ын доог тохуу болно. Өнөөдөр МАН их эрдэж байгаа үедээ та бүхний асуудлыг ил гаргаж тавихгүй ээ. Тун удахгүй биднийг учраа олмогц танай намынхан ингэж явж байсан гээд Монголоор нэг доог тохуу болгоно.

 

Тийм учраас ирээдүйгээ, АН-ын гишүүдээ бод. Бидний хийсэн, манай ах нарын хийсэн үйлийн үрийг МАН бидэнд үүрүүлж байгаа. Манай ах нар 2011 онд МАН-ыг хоёр хуваасан. Түүнийхээ хариуг одоо авч байна. АН-ыг бүр албан ёсоор хоёр тусдаа нам болгох гэж байгаа тоглолтонд бид орж болохгүй. Бидэнд тэдний туулсан гашуун туршлага байна. Тэд салснаасаа хойш 11, 12 жилийн дараа л учраа олж, МАН, МАХН нэгдлээ. Энэ буруу замаар бид явж болохгүй. Өнөөдөртөө учраа олоод, эв нэгдлээ сахих боломж аль алинд нь байгаа. Тийм учраас жоохон буулт хийгээд, асуудлаа ярилцаад, ямар зүйл дээр нэгэндээ давуу тал олгох вэ? гэдгээ ярилцаад л асуудлаа шийдчих. Тэгвэл Улсын Дээд шүүх бүртгэхэд бэлэн байгаа. МАН биднийг эв нэгдлээ олоход тээг, дэгээ тавьж чадахгүй. 

 

Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу? 

 

Миний хувьд “Эв нэгдэлтэй АН” хөдөлгөөнийг санаачлаад, 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулаад явж байгаа. Энэ санаачлагын гол зорилго бол АН-ын маргалдаж буй аль аль талыг нийлүүлсэн намын их хурлыг зохион байгуулж, уг их хурлаар ганцхан асуудлыг буюу намын даргыг их хурлаасаа сонгох дүрмийн өөрчлөлтийг хийх явдал юм. Ер нь Улстөрийн намын тухай хуулинд намын даргаа их хурлаасаа сонгодог. Гэтэл манай АН сунгаагаар сонгодог. Тиймээс бид энэ өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд, дараа нь сум бүрээс, хороо бүрээс, аймгийн намын хороо, нийслэлийн намын хороо бүрээс, мөн ҮБХ-ны гишүүдээ оролцуулаад намын их хурлыг хуралдуулж, даргаа сонгоё гэж байгаа.

 

Сумын, дүүргийн, хорооны намын үүрийн дарга хийж байгаа хүмүүс АН-ынхаа лидерүүдээс хэн хэн өнгөрсөн хугацаанд ямар үр дагавартай зүйл хийсэн бэ? гэдгийг бүрэн мэдэж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юу хийсэн, Н.Алтанхуяг юу хийсэн, Х.Баттулга, С.Эрдэнэ юу хийсэн бэ? гэдгийг мэдэж байгаа.

 

Ерөнхийдөө үе солих ёстой. Хуучин хүмүүсийг ардаа орхиод шинэ үеийнхэн АН-ыг авч явах цаг нь болсон. Тийм учраас сайн мэдээлэлтэй хүмүүс маань намын даргаа зөв сонгоод,  УИХ-ын 2024 оны сонгуульд орох юм бол бидэнд амжилт олох боломж бий. МАН улс орныг удирдахдаа үнэхээр хариуцлагагүй, чадваргүй байна. Сошиалд автаж, улс орныг удирдаж байгаа. “Ковид-19”-ын үеийн улс орны хямрал, зарим албан тушаалтны увайгүй хулгай, гадаад өр, төрийн албан дахь будлиан, авилга, хээл хахууль Монгол орныг хэрсэн энэ үед бид эрх баригчдыг шүүмжилж, зөв байр суурин дээр тогтвортой байвал 2024 онд ялалт ирнэ. Үүний төлөө явах ёстой.

 

Бид эв нэгдлээ хангаж байж амжилтанд хүрнэ. 2012-2016 онд ард түмэн АН-ыг сайн засагласан, сайн ажлууд хийсэн гэж үнэлсэн. Харамсалтай нь дотроо эв нэгдэлгүй байна, эв нэгдлээ олоод ир гэж биднийг сөрөг хүчин болгосон. Гэтэл бид өнөөдрийг хүртэл хэрэлдсэн, маргалдсан хэвээрээ байна. Өнөөдөр бидэнд байгаа АН-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга гэдэг хоёрхон албан тушаал дээр хоёр талд гараад хэрэлдчихээр чинь ард түмний итгэл 2016 оных шиг л байна шүү дээ. Тийм учраас АН-ын лидерүүд бүгд ард түмний төлөө ажилла. Иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө, иргэдийн үгийг УИХ-д хүргэ. Үүний төлөө ажиллаад явбал бидэнд амжилт бий.

 

Баярлалаа. 

 

Ярилцсан Н.Энхдэлгэр

sonin.mn