“Монголын Сайтын холбоо” нь олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, цахим сэтгүүл зүйн хөгжлийг урагш ахиулахад томоохон хувь нэмэр оруулдаг байгууллага билээ. Одоогийн байдлаар тус холбоонд 80 гаруй сайт гишүүнээр элсээд байна. Тэгвэл “Монголын сайтын холбоо” нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг нь сайжруулах зорилгоор хамтран ажиллахаар болжээ.

Энэ талаар “Монголын сайтын холбоо”-ны Ерөнхийлөгч Э.Батхүү “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, жижиг, дунд үйлдвэрлэлийг олон нийтэд сурталчлах зорилгоор ялангуяа эдийн засаг хумигдмал, хил гааль хаалттай үед хоёр холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөнгөлөлттэй үнээр сурталчлах, мэдээ, мэдээллийг нь түгээх зэрэг хамтын ажиллагаа эхлүүлэхээр болсондоо баяртай байна” гэсэн юм. Ингэснээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элссэн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг гишүүн сайтууд сурталчлан таниулах, хөнгөлөлттэй үнээр хамтарч ажиллах зэрэг давуу талууд бий болох юм.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Монголын сайтын холбоо”-той хамтран ажиллах болсон талаараа “Манай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өөрийн ETV, Mass телевизээр баялаг бүтээгчдийг сурталчилдаг байсан бол 14 хоногийн өмнөөс орон нутгийн 52 телевизээр “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг маань гардаг болсон. Ирэх долоо хоногоос “Монголын сайтын холбоо”-той гэрээ байгуулснаар 60 гаруй сайттай хамтран ажиллаж, манай баялаг бүтээгчдийн хийж, бүтээж байгаа ажлуудыг монгол орон даяар таниулан сурталчлах, импортын бараатай өрсөлдөж байгаа үндэсний бараа, бүтээгдэхүүнүүдийг дэмжих, хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо” гэв. Талууд ирэх сарын 07-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаах аж.