Өнгөрсөн шөнө гурван аймгийн 11 суманд -40 хэмээн давж хүйтэрч хоножээ. Тодруулбал, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрсэн байна. 

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрахыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. 

Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.