Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн.

Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Улмаар хамгийн түрүүнд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Б.Батбаярыг 2016 онд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

Шүүхийн ажилчид болон цагдаа нар сэтгүүлчийг гаргахгүйгээр хаалгаа дарж байгаад Б.Батбаярыг хувийн машинд нь суулган авч явжээ. Хорих анги руу авч явсан эсэх нь ч эргэлзээтэй байна. Учир нь цагдан хорих шийдвэр гарсан бол тухайн хүнийг хуягласан, ШШГЕГ-ын албаны фургон машинаар хорих анги авч явдаг билээ.