Дуучин Наагий гэхээр уншигч таны сэтгэлд донж төгөлдөр нь бүрдсэн түүний хоолой шууд сонсогдож буй гэдэгт итгэлтэй байна. Залууст жазз хөгжмийн уянгалаг эгшгийг мэдрүүлж, сонсогч фэнүүдээ уярааж яваа Наагий Гэгээн хайрын баяраар 40 хостой нэгэн романтик үдшийг өнгөрүүлжээ. 

Түүний Valentine's night with Naagii тоглолтын тасалбар 1 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд тасалбар ихээхэн эрэлттэй байлаа. Зөвхөн 40 хосод зориулан энэ үдэш зөвхөн өөрсдөд нь тусгайлан зориулан зассан хосын ширээнд тухалж тансаг оройн зоог барин хайрын үдшийг хэзээ ч мартагдахааргүй гайхалтай үджээ.

Дуучин залуугийн фэнүүд дунд тасалбар тун эрэлттэй байсан нь заалны дүүргэлтээр харагдаж байв. 

Энэ үдэш хайртдаа бэлэглэх тансаг цэцгийн баглааны дуудлага худалдаа явуулсан юм. Энэхүү цэцгийн баглааг нэгэн зоригтой залуу 3 сая төгрөгөөр үнэлж авахаар болов. Харин дуучин Наагийгийн зүгээс тус залууд хайртдаа бэлэглэх цэцгийн баглааг нь түүний эр зоригийг нь үнэлж үнэгүй  бэлэглэсэн гэнэтийн бэлэг дүүрэн өнгөрлөө.

 

Хосуудын амьдралдаа дурсаж явах дурсамжуудын хуудсыг нэгэн сайхан үдшээр нэмсэн тоглолтод дуучин Чука, Харанга хамтлагийн Лхагваа, Наран, Баярцэцэг, Ариу, Хонгор нар хүрэлцэн ирж үдшийн турш амьд хөгжим эгшиглэсэн юм.