Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг үнэгүй авсан хувьчлалыг цуцлах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр “Тухайн үеийн Эрдэнэтийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үгсэн хуйвалдаж "Эрдэнэт Медипас" эмнэлгийг үнэгүй хувьчилж авсан. Ганц энэ эмнэлэг биш, төрийн өмчтэй холбоотой олон жишээ бий.

Тухайлбал, Эрдэнэтийн "Хөтөл" цементийн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бараг 3-4 өрөө байрны мөнгөөр бүхэл бүтэн улсын аж үйлдвэрийн ууган голомт, цементийн үйлдвэрийг хувьчилж авчхаад барьцаагүйгээр, хамгийн бага хүүтэй зээлийг Хөгжлийн Банкнаас авчихсан. 300 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банкнаас авчхаад ямар ч төлөлт хийгээгүй байна. Ийм асуудал байж болохгүй...

Ер нь Хөгжлийн Банк хуйвалдаан, хууль бус үйл ажиллагааны банк болоод удаж байгаа. Гэхдээ шударгаар бизнесээ хийгээд, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа ч цаг үеийн хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж зээл, хүүгээ төлж чадахгүй байгаа ААН-үүд бий.

Түүнийг далимдуулж нөгөө талд нь төрийг үнэгүйдүүлж, өөрсдөдөө банк нэртэй схемүүд бий болгоод түүгээрээ дамжуулж хамгийн хямд зээл авч, буцаагаад түүнийгээ иргэдэд хэд дахин өндөр хүүгээр зээлдүүлдэг асуудал бий.

Хөгжлийн Банкны асуудалд зарим нь зээлээ тодорхой хугацаанд төлсөөр ирсэн байдаг. Харин заримыг нь төлүүлэх хүсэлгүй байсан учраас энэ зээлүүд төлөгдөөгүй юм.

Тухайлбал, дээр дурдсан Хөтөлийн цементийн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банкны асуудал байна. 500 тэрбумаар нь авчихсан байгаа юм.

Төлбөрийн чадвартай байгууллага, ААН-үүд нь өнөөдөр нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй л явж байна" хэмээн ярьсан юм.