Яг үнэндээ бол, Цагаан сарын үеэр Хятадад айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирүүтээ Хөгжлийн банкийг “ухаж” гарсан. Шинэ гүйцэтгэх захирал нь гарч ирж, чанаргүй зээлийн эзэд болох найдваргүй зээлдэгчдийг зарлав, Улстөрчид нэлээд оролцжээ.

Угаасаа Засгийн газар шууд удирдаж байсан болохоор тэр ойлгомжтой байв. Араас нь Ардын намын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрөө оролцов.

Улмаар АТГ, ЭЦА-ныхан Хөгжлийн банкны шинэ мэдээлэлд дурдагдсан зээлүүд, хуучин шалгаж байсан хэргүүдээ нийлүүлж байгаад нүсэр бүтэцтэйгээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ.

Уг нь Хөгжлийн банк цаг хугацааны хувьд аль эрт гарч ирээд дэлбэрэх байсан эд. Мөн ч олон жил дарагдсан л даа. Аудит шалгаад л, засаг ч нягтлаад л байсан. Тэр болгонд үл бүтэх мэдээлэл бөөн бөөнөөрөө илэрч байсан. Гэтэл өнөөдөр л мэдэж байгаа юм шиг бүгдээрээ овоорчих аж. Гол нь үр дүн. Сүр дуулиан болгож шалгачихаад сугалаад сугалаад үлдээвэл муухай.

Одоо энэ УИХ-д сууж байгаа долоо билүү, найман гишүүнийг зээлээ тайлбарла гэж байхын оронд шууд яагаад АТГ-т шилжүүлсэнгүй вэ. Шуудхан хэлэхэд, “Ардын нам гишүүддээ зээлээ тайлбарлах хугацаа өглөө” гэж байгаа нь “Ардын нам гишүүдээ хамгаална шүү" гэж АТГ-т зориулсан мессэж гэж уншигдана. Бас тэр аль хэдийнэ улс төрийн карьер нь дуусчихсан ЖДҮ-гийн хэдээ намаасаа хөөлөө энэ тэр гэж шоудах хэрэг байсан уу. Харин ЖДҮ-гийн хэргээс мултраад үлдсэн гишүүдийн асуудлыг сэргээн шалгавал зөв байсан юм. Тухайн үед 2019 оны хавар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ дээр орж ирж тайлбарлахдаа, ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүн бүрт эрүү үүсгэсэн гэж байсан. Гэвч эцэст нь доожоо муутай хэдэн хүн нь л ял аваад дууссан.

 

 

Тэгэхээр Ардын намын дарга нь далдаас удирдаад, Ардын намын генсек гол дүрд нь гарч ирээд “тоглож" буй Хөгжлийн банкийг хэвийн болтол цэвэрлэх ажиллагаанд үр дүн л чухал. Ард түмэн үр дүнг нь л харна. Үнэндээ бол ЖДҮ шиг цайруулчих вий гэж эргэлзэж л байгаа шүү.

 

 

Харин үүнээс илүү анхаарал тавих ёстой хэдэн асуудал бий. Тэр нь юу юм гэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийсэн айлчлалаар юу яригдсан юм бэ гэдгийг тодруулах шаардлага бий. Хөгжлийн банкны дуулианд “хивэгдээд" нам болсон Л.Оюун-Эрдэнэ Хятадад очоод юу ярьсан, айлын тал ямар хариу барьсан бэ гэдэг анхаарал татаад байгаа юм.

Тэр үеэр Ерөннхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуйж, Хятадын дарга Си Жиньпин, ерөнхий сайд Л.Көчян нарын боломж олгосон нэг том асуудал байна. Си Жиньпинийн 2014 онд Монголд ирэхдээ хэлсэн “Алтаар сольшгүй хөрш", “Хөгжлийн галт тэрэг” зэрэг үсгийг нь эргэж хэлж байгаад Гашуунсухайтын хил холболтыг хийхээр болсон. Сонсоход “чол” хийж буй ч ажил хэрэг болчихвол дахиад нэг Оюу толгой шиг том мөнгөний уурхай тэнд нээгдэнэ. Юу яриад байгааг ойлгож байна уу. Тайлбарлахыг оролдъё. Хүссэн хүсээгүй Монголын ганц экспортын гарц нь Гашуунсухайт-Ганцмод байдаг. Гэтэл тэнд хил холболт хийгдээгүйгээс айлын талын жижиг сажиг шалтгаар Монголын экспорт “мад” болтол гацдаг. Ийм байдалтай 14 жил болжээ. 14 жил шүү дээ. Энд Монголын төр, Хятад улс хамаагүй. Төмөр замаар холбоё гэдэг дээр хоёр бодлого нийлдэг. Гэсэн ч хоёр хилийн хооронд ачаа тээврийн асуудал үүсгэж, тэрийг бизнес болгодог Монголын улс төрийн бүлэглэл байсаар иржээ.Ганцхаан жишээ хэлэхэд манай Таван толгой, бусад ордын нүүрсийг аман дээрээс нь маш хямдаар тооцоод, Хятадад 4-5 дахин нугалж “дамладаг” гэж байгаа. Дундаас нь нөгөөдүүл нуль ашиг олно. Ийм бүлэглэлийн гар хөлүүд нь ч тодорхой. Тэд одоо ч даварсаар л байна.

 

 

Монголын улс төрд тогтоосон гүн гүнзгий эрх мэдлээ хэзээ ч алдахгүй гэдэгт бат итгэлтэй байгаа бололтой. Цаг хугацаа, ард түмэн байдаг гэдгийг санах хэрэгтэй, тэд.

 

 

 

Гэтэл Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ч ашиг авчраагүй С.Баяр, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөг баталсан ч эхлүүлэлгүй долоон жил явуулсан Ч.Сайханбилэг нарын Ерөнхий сайд нар өнөөдөр яаж чичлүүлж, нийгмийн ад шоо болж яваа билээ дээ. Магадгүй, өөрсдийнх нь хэлээд байдгаар хэзээ нэг цагт Монгол Улс энэ хүмүүст зэсэн хөшөө босгож мэдэх л юм.

Ийм л ялгаа бий. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад очоод яаснаа ярих хэрэгтэй. Бас яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай юм.

 

 

Б.ТУЛГАТ

sonin.mn