Төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд хандив өгсөн эцэг эхчүүд дунд авлигын хэргээр шүүхэд дуудагдах тохиолдол гардаг байна.

Тиймээс тус асуудлын хүрээнд  сэтгүүлчид, эрх зүйчид болон Эрүүгийн хэрэгт холбогдоод буй зургаан эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр /2022.02.25/ чөлөөт мэтгэлцээнд оролцож, мэдээлэл өгөв. Энэ талаар өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас тодрууллаа.

-Хэвлэлийн хүрээлэнд болсон өнөөдрийн мэтгэлцээн нь төрийн өмчийн цэцэрлэгүүдийн авлигын асуудлын хүрээнд болж байна. Сургуулийн өмнөх шатны боловсролын байгууллагад үүссэн авлигын хэрэгт эцэг эхчүүд холбогдож байна гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулбал?

-Төрийн өмчийн цэцэрлэгт авлига өгдөг, авдаг хууль бус үйлдэл нийтлэг ажиглагдаж байна.

Жишээлбэл, Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд тухайн цэцэрлэгийнхээ удирдах шатны албан тушаалтантай уулздаг. Улмаар нөгөө эрхлэгч нь “Манай цэцэрлэг хүүхдийг чинь авъя, та нар байгууллагын үйл ажиллагаанд боломжоороо хандив тусламж үзүүлээч ээ” гэж хэлж байна. Үүнийг нь зарим эцэг эхчүүд яалт ч үгүй зөвшөөрч, улмаар авлигын хэргээр шүүхэд дуудагдсан хэд хэдэн тохиолдол бий.

-Одоогийн байдлаар энэ төрлийн авлигын хэрэгт хэдэн хүн холбогдоод байна вэ?  

-2018 оноос хойш асуудал нь шийдэгдээгүй байгаа 12 эцэг эх байгаа. Тэдний хэрэг шүүх рүү нэг удаа очсон ч, буцаад шүүх дээр ирсэн.  

Ерөнхийдөө эцэг эхчүүд цэцэрлэгт хандив өгснийхөө дараа тухайн байгууллагын үйл ажиллагааг шалгуулахаар Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргадаг. Ингээд Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага үүсгэх нөхцөлийг тогтоодог. Дээрээс нь, авлигын шинжтэй байна уу, үгүй юу гэдгийг шалгуулахаар АТГ-т өгдөг.