Украины Энергодар хотод баасан гарагийн шөнө Запорожье АЦС-ын ойролцоох барилгууд руу тасралтгүй галласны улмаас Европын хамгийн том цөмийн цахилгаан станцад гал гарсан гэж хотын дарга Дмитрий Орлов мэдэгдлээ.

Дмитрий Орлов өмнө нь "Энергодар хотын захад ширүүн тулалдаан болж, Оросын танкууд хот руу нэвтрэн,  АЦС-ыг бүслэн авахыг оролдсон боловч станцын ажилчид болон нутгийн иргэд цугларч, оросуудын нэвтрэх замуудыг хаагаад байна" гэж мэдээлж байжээ. 

Запорожье АЦС-ын ажилчдын нэг Телеграм сүлжээнд  оросууд атомын цахилгаан станц руу гал нээсэн тухай мөн мэдээлсэн байна. Тэрээр "Анхаар! ОХУ Запорожье АЦС руу гал нээж байна. Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцад цөмийн аюул нүүрлэх бодит эрсдэл үүсээд байна. Галаа зогсоохыг шаардаж байна!" гэжээ.

Украины Гадаад хэргийн сайд "Хэрвээ АЦС дэлбэрвэл Чернобылийн дэлбэрэлтээс 10 дахин хүчтэй дэлбэрэлт болно. Орос яаралтай галаа зогсоож, аюулгүйн бүс бий болгох ёстой" гэжээ. 

Эх сурвалж: ВВС