УУХҮ-ийн сайд Г.Ёндон Зариг.мн сайтад өгсөн тодруулгадаа "Шатахууны үнэ цаашид зах зээлээ дагаад өснө" гэдгийг өгүүлжээ.

Дэлгэрүүлбэл "Улсын хэмжээнд шатахууны 30-40 хоногийн нөөц байна. Украин-ОХУ-ын зэвсэгт мөргөлдөөний улмаас шатахуун хомстох эрсдэлийг тооцон арваннэгдүгээр сараас хойш манай ААН-үүд бүтээгдэхүүнээ нөөцөлсөн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөхийн өмнө нөөцөө бүрдүүлсэн гэсэн үг.

Бид өнгөрсөн өдрүүдэд ОХУ-тай очиж уулзаж, хэлэлцэхдээ нөөцийн хомстол үүсгэх эрсдэл тойрсон асуудлаар хэлэлцсэн. “Роснефть” компанитай 2018 онд таван жилийн гэрээтэй. Энэ гэрээнийхээ хүрээнд үүрэг хариуцлагаа хүлээж, нөөцийн хомстол үүсгэхгүй байх бүх талын аргыг авч ажиллана гэдгээ бидэнд хэлсэн.

Төлбөр тооны асуудал SWIFT сүлжээнээс үүдэн гарч байгаа. Гэхдээ хоригт ороогүй компаниар тооцоогоо хийж энэ асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид шатахууны үнэ зах зээлээ дагаад л өснө. Гэвч бид зургаан сарын зах зээлийн савлагааны дунджаар тооцоолж дотоодын үнийг тогтоож буй" гэжээ.