Төгрөгийн ханш 4.27 хувиар сулраад байна

2022 он гарсаар нам дор түвшинд байсан ам. долларын ханш Орос Украины дайнаас хойш төгрөгийн эсрэг 4.27 хувиар чангараад байна. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг ноён долларын эсрэг 2016 оноос хойш ийнхүү хүчгүйдэж байна гэж Төвбанкнаас мэдээлсэн юм.

2015 онд төгрөг ам.долларын эсрэг 15 хувиар суларч байсантай харьцуулахад ноцтой биш гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. Харин 2021 оны мөн үетэй харьцуулахад 0.01 хувиар чангарсан аж. Гэхдээ 2012-2016 оны үеийнх шиг хатуу валютын нөөцөө шавхсан алдаагаа давтахгүй гэж Төвбанк  байр сууриа илэрхийлээд байгаа юм. Манай улсын төлбөрийн тэнцэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин буураад байна. Өнгөрсөн онд 100  сая ам.долларын алдагдалтай байсан бол одоогоор 600 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа. Үүний гол шалтгаан нь  экспорт буурсантай холбоотой.  Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсний биет хэмжээ зургаа дахин буураад байгаа нь төлбөрийн орох урсгал алдагдал хүлээснээс ам.долларын ханш ийнхүү өсөхөд голлон нөлөөлж буй. Өнгөрсөн оны сүүлд  4.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан бол  өнгөрсөн  сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болж  1.2 тэрбум ам.долларыг валютын захад гаргаж интервенц хийсэн юм. Харин  цаашид одоо байгаа нөөцөө шавхахгүй гэдгийг  хэллээ. Төвбанк валютын арилжааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж 100 орчим  сая ам.доллар зарж тохируулга хийж байгаа аж. Түүнчлэн арилжааны банкуудад нэг сая ам.доллараас дээш доллар арилжаалахгүй байх хязгаар тавиад байна.

 

100-200 сая ам.долларын зээл авах учраас ханшийн дарамт удаан үргэлжлэхгүй

 

 

Банкууд энэ онд нийт 800 саяас нэг тэрбум хүртэл ам.долларын эх үүсвэрийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас татахаар төлөвлөжээ. Оюу толгой компанийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж, энэ онд нийт 1.3 тэрбум ам.долларыг гүний уурхайд зарцуулах юм байна. Мөн Дэлхийн банк, АХБ-наас 100-200 сая ам.долларын зээл авах тул ханшийн дарамт удаан үргэлжлэхгүй гэж тооцоолжээ.

 

 

Манай улсын гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар байгаа нь импортын зургаан сарын хэрэглээг хангана. Төв банк ханшид огцом савлагаа үүсгэхгүйн тулд тохируулга хийж эхэлжээ. Долоо хоногт хоёр удаа интервенц хийн, банкуудад ам.доллар нийлүүлдэг. Энэ тоог гурав болгон шатахуун импортлогчдод долоо хоногт нэг удаа ам.доллар нийлүүлж эхэлжээ. УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахуун импортлогчдод дахин 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох талаар мэдээлсэн. Энэ зээлийг Төв банкны репо санхүүжилтээр олгоно. Зээлийн жилийн хүү 9.5 хувь байх аж. Экспортыг богино хугацаанд нэмэх зорилгоор Төвбанкны зүгээс авах дараагийн арга хэмжээ нь алт худалдан авалтыг өсгөх. Үүний тулд Лондоны металлын биржийн үнээс таван хувийн өндөр үнээр алт худалдан авах заалтыг Засгийн газраас яаралтай горимоор боловсруулсан хуульд тусгажээ. Ингэснээр иргэдийн гар дээр байгаа, Монголбанканд тушаадаггүй алтыг худалдан авахыг зорьж байна.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин