УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эдийн засаг хөгжлийн сайдыг томилох хэрэгтэй. Юмны үнэ нэмэгдсэн, ханш өссөн нь ямар ч үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайланг тавиагүй байгаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллахаар болж байна. 

Төсвийн тодотголыг хийх ёстой. Шуугианыг далимдуулж, хэдэн зүйлийг хэмнэсэн дүр эсгэснээр эдийн засаг сэргэхгүй. 

Монголбанкнаас ямар байгууллага, ямар хэмжээний зээл авч байгааг нууцлалд оруулбал Хөгжлийн Банкны асуудал дахин давтагдана. Бодлогын алдаагаа дахиж давтах гээд байна" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үнийн өсөлт бол Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Үүнээс шалтгаалан жагсаал боллоо. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндэж байна. Зах зээлээс бэлэн мөнгийг татаж, 13 хувиар бодлогын хүүг тогтоох нь зөв.

Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Одоо бол яаралтай бонд гаргах хэрэгтэй. Ложистикийн хямралд төмөр зам хамгийн том нөлөө үзүүлж байна. Харилцан тарифын хямдралыг үзүүлсэн ч ОХУ-д ашигтай, Монголчуудад нөлөө үзүүлээгүй. 

Төв талбай дээр хүмүүс шударга ёсыг шаардсан. Хөгжлийн Банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн боловч яаж төлүүлэх талаар яриагүй. Хугацаатай үүрэг өгч, зээл төлүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. 

Төрийн өмчийн компаниуд хувийн компаниудтай харилцан идэж ууж байна. Тиймээс Засгийн газар төрийн өмчийн компаниудыг шахаж, зээлийг төлүүлэх тал дээр онцгой анхаармаар байна" гэлээ.